2025/02/21

МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ

info@inder.mn
2025/02/17

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн зэрэг олон улсын арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд, Соёлын биет бус өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, үндэсний өвөрмөц брэнд бүхий өвлийн эвент бий болгох, улмаар гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол Нүүдэлчин" өвлийн фестиваль-ийг 2025 оны 2 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү фестиваль нь Монголчуудын эртнээс уламжлан тэмдэглэж ирсэн сар шинийн баярыг угтан, Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн зан үйл, ёс заншлыг олон нийтэд таниулахын зэрэгцээ дэлхийд ховордсон Мазаалай баавгайг хамгаалах үйлсийг дэмжих цас мөсний наадамтай хослон зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Фестивалийг нээж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:

"Дэлхийн өвлийн хотуудад цас, мөсөн баярууд зохион байгуулагддаг ч, нүүдэлчин ахуй, ёс заншлыг шингээсэн өвлийн фестиваль зөвхөн Монгол Улсад болдгоороо онцлогтой. Энэхүү арга хэмжээг уламжлал болгон хөгжүүлж, улам өргөжүүлэн, олон улсад таниулснаар бүс нутагт өвлийн аялал жуулчлалын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Манай улс 2023-2028 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Бид Бостон Консалтинг Групп-тэй хамтран аялал жуулчлалыг өргөжүүлэх стратегийг боловсруулж, 2024 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор батлуулсан.
2025 онд соёл, аялал жуулчлал, спортын олон улсын арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулах бөгөөд түүний нэг чухал хэсэг нь энэ өвлийн фестиваль юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Монгол Улс түүхэндээ анх удаа 33 мянга гаруй жуулчин хүлээн авч, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эхний томоохон амжилтаа үзүүллээ. 2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалыг экспортын тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна." хэмээн онцоллоо.

Фестивалийн хүрээнд:

  • "Мазаалай" Олон улсын цас мөсний наадам: Шилдэг 28 уран бүтээлчийн мөсөн сийлбэрийн үзэсгэлэн

  • Сар шинийн уламжлалыг харуулсан 10 гаруй өртөөт арга хэмжээ, тухайлбал:

    • "Шинэлэх ёс" өргөө

    • "Цагаан сар" өргөө

    • "Ёслол, хүндэтгэлийн зоог" уламжлалт идээ ундааны өргөө

    • "Язгуур урлаг" өргөө

    • "Хувцас, эдлэл хэрэглэл" өргөө

    • "Тэмээн жин" өртөө

    • "Цаатан" өртөө

    • "Эрдэнэт сүрэг" өртөө

    • "Халх", "Казах", "Буриад" угсаатны өргөө

    • "Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй" өртөө

Мөн мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морин болон нохой чарга, морин аялал уналга зэрэг уламжлалт спортын уралдаан, тэмцээнүүд зохион байгуулагдана. Үүнээс гадна соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, Монголын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ багтсан.

Соёлын өв, байгаль хамгаалах үйлс

Монголчуудын түүх, соёлын өвийг хамгаалахаас гадна байгаль орчны олон янз байдлыг хадгалах нь нэн чухал. Энэхүү фестиваль нь зөвхөн соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх бус, дэлхийд ховордсон Мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой. Цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, байгаль хамгааллын ач холбогдлыг олон нийтэд таниулах болно.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна