2025/04/28

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа

info@inder.mn
5 цаг 17 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд хоёр тал өнөөдөр /2025.04.28/ албан ёсны уулзалт хийсний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимтай танилцав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн богд Чингис хааны эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залсныг онцолж байлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 1992-2024 он хүртэлх хугацаанд бүрдсэн найман удаагийн парламент 76 гишүүнтэйгээр уг танхимд хуралдаж байсныг тэмдэглэсэн. Тэрбээр, 2024 онд болсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд улс төрийн таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент байгуулагдсаныг тодотгоод, энэ удаагийн парламентын гишүүд нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон гээд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгайлан индэр зассан талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна