2025/06/11

Иргэний хамгаалалт, гамшгаас аврах газрын удирдлагуудтай уулзалт хийж, сургалтын төв болон байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа

info@inder.mn
20 цаг 50 минутын өмнө

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Словени Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Батлан хамгаалах яамны харьяа Иргэний хамгаалалт, гамшгаас аврах газрын удирдлагуудтай  уулзалт хийж, Гал түймэртэй тэмцэх газрын сургалтын төв болон байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Уулзалтаар Иргэний хамгаалалт, гамшгаас аврах газрын дарга, ноён Леон Бехитэй хоёр улсын гамшгийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар санал солилцож, туршлага хуваалцсан юм.  Мөн ОБЕГ, Иргэний хамгаалалт, гамшгаас аврах газартай хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтран ажиллах баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлах боломжийг эрэлхийлж,  цаашид Онцгой байдлын байгууллагын гал сөнөөгчдийг сургах, мэргэшүүлэх тал дээр анхаарч, хамтран ажиллах хүсэлтийг илэрхийллээ. 

Ноён Леон Бехи хамтран ажиллах, Онцгой байдлын албаны алба хаагчид, гал сөнөөгчдийг сургах хэрэгцээ шаардлагыг бүрэн дэмжиж, өөрийн улсын холбогдох сургалтын хөтөлбөрт хамруулахад нээлттэй гэдгийг энэ үеэр онцолсон байна.    

       

 Хоёр талт уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Цэнгэг, атташе Ч.Наваанпунцаг нар оролцон хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны суурь тавигдах чухал ач холбогдолтой уулзалт болсныг цохон тэмдэглэлээ. 

Түүнчлэн тус улсын иргэний хамгаалалтын албаны мэргэжлийн болон сайн дурын гал сөнөөгчдийг сурган бэлтгэдэг сургалтын үйл ажиллагаа, байгууламжтай танилцлаа. Тус улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг ойн сав газар эзэлдэг бөгөөд байгалийн гамшгийн ихэнх хувийг ойн гал түймэр эзэлдэг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар өнгөрсөн оны наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх үеэр хамтран баталсан “Монгол Словенийн хамтарсан тунхаглал”-д гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах зэргээр харилцан туршлага солилцохыг дэмжиж ажиллана гэж заасан нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэлд гол түлхэц болсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна