Улстөрчид бужигнаж, эрх мэдэл, албан тушаал булаацалдаж, бялуу хувааж байх дор эдийн засаг элгээрээ мөлхөж, улсын сан хөмрөг хоосорчээ. Хаа сайгүй өртэй аж ахуйн нэгж, халаасаа тэмтэрсэн иргэд байна.
Ажилгүйдлийн тэтгэмжийг аль намар аравдугаар сараас олгоогүй, одоо тэтгэвэр өгөхгүй байгаа, бүр цаашлаад төрийн байгууллагууд цалингаа өгч чадахгүйд хүрчихлээ. “Сангийн яамнаас 12 дугаар сарын санхүүжилт хийгдээгүй тул урьдчилгаа цалинг хугацаандаа олгох боломжгүй байна” гэсэн мэдэгдэл байгууллагуудын дотоод сүлжээгээр битүү. Цалингийн болон аппликейшний зээлтэй төрийн албан хаагчид хүү, алдангийн дарамтад бухимдахаас өөр арга, шийдэлгүй.
Ийнхүү улсын төсвийн орлого тасарч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын гэх мэт бүх сан хоосорчихоод байхад 3 дахь удаагаа Сангийн сайдын албан тушаалд тухалж буй Б.Жавхлан таг чиг.
Өнөөдөр улсын хэмжээнд нийт 4675 даатгуулагч энэ оны 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжээ Нийгмийн даатгалын сангаас хугацаандаа авч чадалгүй хүлээж байна. Ажилгүйдлийн тэтгэмж бол халамж биш. Иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын тодорхой хувийг эргээд авч байгаа хэрэг. Гэтэл ажилгүй, орлогогүй болсон иргэд төрд төлсөн мөнгөнийхөө багахан хувийг ч хуулийн дагуу авч чадахгүй хохирч байхад улсын түрүүвчийг атгадаг Сангийн яам албан ёсны хариу тайлбар, мэдээлэл өгөх нь битгий хэл мэдэгдэл ч гаргахгүй байна.
Эрүүл мэндийн даатгалын сан мөн л хоосорсон тул даатгалаар санхүүждэг зарим үйлчилгээ зогссон, эмнэлгүүд лист бичихээ больсон. 2025 оны улсын төсөвт 1 тонныг нь дунджаар 105 ам.доллар байхаар тооцсон нүүрсний үнэ 70-80 ам.долларт хэлбэлзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт энэ онд 4 дахин буурсан үзүүлэлттэй. Улсын төсвийн орлого 2 их наядаар тасрах гэж байгаа талаар УИХ дээр ч яригдаад эхэлж.
Монгол Улс “модоо барих”-д ойрхон байгааг эдийн засгийн мэдлэггүй хүн ч энэ мэт үзүүлүүлэлтээс хараад ойлгоод мэдчихнэ. Гэвч мөнөөх Сангийн сайд маань мэдээлэл хийхдээ “2025 оны үлдсэн хугацаанд төсвийн орлого 2.3 их наядаар тасрах нөхцөл үүсчихээд байна. Импорт буурснаар гаалийн татварын орлого 1.2 их наядаар дутсан. Нүүрсний үнэ буурснаар татварын орлого бүрлүүлэлт багассан. АН-ынхан татварын өршөөлийн талаар ярьж эхэлснээр аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байна” гэх тайлбар хэлээд сууж байх юм. Мөнөөх “буруу буруу бусдын буруу” гэдэг шиг л 3 удаа Сангийн сайдаар ажиллаж байж эрсдэлээс сэргийлэх, даацтай арга хэмжээ яагаад авсангүй вэ? Та
Төсөв батлахдаа хэт өөдрөг төсөөлөлд автдаг, төсвийн тансаглал хэрээс хэтэрсэн, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлдэг нь өнөөдөр улсын сан хөмрөг хоосроход гол нөлөө үзүүлсэн. Дээр нь улсаа боддоггүй улстөрчдийн эрх мэдлийн төлөөх зодооны хор уршиг их.
Тиймээс Сангийн сайд Б.Жавхлангаас хариуцлага нэхье. Ярихыг хэн ч чадна. Хийж, хэрэгжүүлж, үр дүн гаргахыг танаас шаардаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна