2024/12/23

Тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 11.4 мянган шинэ тохиолдлыг илрүүлэн эмчилжээ

info@inder.mn
2021/11/29

Дэлхий дахинаа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцсэн хүндхэн хоёр жилийг бид туулж байна.Коронавируст халдварын цар тахлыг нийгэм, эдийн засгийн эрсдэл багатай даван туулах нь манай улсад төдийгүй бусад улс оронд тулгамдаж байгаа хэдий ч хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг Засгийн газар нэн тэргүүнд тавьж, анхаарч байна. Цар тахалтай тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарын хүний болон санхүүгийн нөөц бүрэн дайчлагдан ажиллаж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээг орхигдуулахгүйгээр, хүн амд хүртээмжтэй хүргэхэд бид ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай улсад бүртгэгдсэн нийт халдварт өвчний дунд бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл тэргүүлэх байрыг эзэлсээр л байгаа юм.
 Хүн ам, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, энэ хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.1 сая хүнд тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж 11.4 мянган шинэ тохиолдлыг илрүүлж, эмчлэн, эрүүлжүүллээ.  Мөн “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны үр дүнд жирэмсний хяналтын чанар сайжирч, 2019 онд 66 тохиолдол бүртгэгдэж байсан төрөлхийн тэмбүү өвчний тоо 2020 онд 37 болж, 44 хувиар, 2021 оны эхний 10 сард 14 тохиолдол болж 74 хувиар тус тус буураад байна.  Коронавируст халдварын цар тахлын энэ үед хүний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үүний дотор бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр шийдвэр гаргагчдад практик, нотолгоонд суурилсан мэдээлэл өгөх зорилгоор энэхүү нөлөөллийн уулзалтыг бид улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

 
 “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь”  нөлөөллийн уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлэв. Тэрээр бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх, сэргийлэх чиглэлээр гарч байгаа дэвшил, хүрсэн ололтоо бататгахын тулд бид хамтран дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна хэмээв. Үүнд


•      Бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ судлалын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, стандартад заасан орон тоогоор, тогтвор суурьшилтай ажиллуулах;
•      Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулан, тус төвийг түшиглэн хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх;
•      Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад сум, орон нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагуудын идэвхтэй оролцоог хангаж, санхүүжилтийг нэмэгдүүлэх;   
•      Эрүүл мэндийг дэмжих, бэлгийн эрүүл мэндийн чиглэлээр өсвөр үе, залуучуудад зөв мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэхэд боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;   
•      Бусад салбарын хэмжээнд “Ажлын байран дахь БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэ, гепатитын вирусийн халдвараас сэргийлэх цогц хөтөлбөр” хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах;
•      Эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан үзүүлэх арга замаар ХДХВ, тэмбүүгийн илрүүлэг шинжилгээний хамралтыг нэмэгдүүлэхэд шийдвэр гаргагчид Та бүхнийг манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.   Коронавируст халдварын цар тахлын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа Та бүхэнд баярлалаа. Уг үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад идэвх санаачилга гарган бидэнтэй хамтран ажилласан орон нутгийн өөрөө удирдах, засаг захиргааны байгууллага болон уул уурхай, зам барилга, үйлдвэр үйлчилгээ, цагдаа, зэвсэгт хүчин, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг бусад салбар, аж ахуйн нэгж, байгууллагын хамт олонд эмч, мэргэжилтнүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэв



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна