Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг багасгахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулах зорилгын дор дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэдэг.
2021 оны хувьд "Тэгш бус байдлыг зогсооё, ДОХ-ыг зогсооё" уриатайгаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлнэ.
Зөвхөн 2020 онд тус өвчнөөр 1.5 сая хүн шинээр оношлогдож, 680 мянган хүн нас барсан. Одоогоор дэлхий даяар 37.7 сая хүн ДОХ-той амьдарч байгаа ба тэдний 70 хувь нь ретровирусийн эсрэг эмчилгээг насан туршдаа хийлгэх шаардлагатай.
Он гарснаас хойш Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 11 тохиолдол илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 322 болжээ.
Зөвхөн 2020 онд тус өвчнөөр 25 хүн оношлогдсон нь тэмбүү, трихомониаз зэрэг бусад бэлгийн замын өвчнөөс 200-300 дахин бага тоо юм.
Өнгөрсөн аравдугаар сард шинээр 5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд байгаагүй өндөр тоо аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард 5, арваннэгдүгээр сард 4 тохиолдол илэрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна