Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад орчин цагийн анагаах ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үйл ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ, 1921 онд орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж, 1925 онд Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, 1930 онд бие даасан Эрүүлийг хамгаалах яамыг байгуулснаар Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бүрэлдэн бий болсон түүхтэйг онцлов.
1921 онд Монгол Улс 650 орчим мянган хүн амтай байсан бол 1963 онд нэг сая, 1988 онд хоёр сая, өнөөдөр 3.4 сая хүн амд хүрсэн нь өнгөрсөн 100 жилийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн тод илэрхийлэл билээ.
Эрүүл мэндийн салбарын хоёр зууны солбицолд хүн төрөлхтөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш туулж үзээгүй нэн хүнд сорилттой нүүр тулгарлаа. Цар тахлаас улбаалж Монгол Улсын эдийн засаг 1992 оны нийгмийн шилжилтийн цаг үеэс хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, экспорт тасалдаж, дараалсан хатуу хөл хорио тавигдсан нэн хүнд үеийг Та бид хамтдаа даван туулж байна. Манай улс энэ оны 2 дугаар сарын 23-наас вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй эхлүүлж чадсанаар өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66 хувийг бүрэн тунд, зорилтот бүлгийн 47 хувийг дархлаа сэргээх нэмэлт III тунд хамруулсан байна.
Вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж болзошгүй эрсдtлээс 40 гаруй мянган хүний амь насыг аварч чадсан Та бүхэндээ Засгийн газрын Тэргүүний хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн зөвхөн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралыг ч давхар хамгаалж чадсан. Та бүхний хүчин зүтгэлээр Монгол Улс энгийн амьдралд үе шаттайгаар шилжиж, эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Гэвч цар тахал цаашид хичнээн удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг хэн ч таамаглаж чадахгүй байна. Цар тахал төсөөлшгүй ирээдүй, таамаглаагүй сорилтуудыг учруулсаар байна. Омикрон шинэ хувилбар гарснаар дэлхий нийт дахин түгшүүрт автлаа. Омикрон сар хүрэхгүй хугацаанд дэлхийн 110 гаруй улсад бүртгэгдлээ.
Бид бэлтгэл ажлаа хангаж, дархлаажуулалтын ажлаа илүү идэвхжүүлэх шаардлагатай. Бидэнд цаашид ямар ч сорилт тулгарсан, даван туулж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна. Яагаад гэвэл, эрүүл мэндийн салбарынхан Та бүхэн байгаа учраас. Сорилт бүхэн боломжийг бас давхар дагуулдаг. Одоогоос 100 жилийн өмнө тухайн үеийн эрүүл мэндийн салбарынхан нийт хүн амаа бүрэн эрүүлжүүлэх хүндхэн сорилтыг даван туулж чадсан шиг, шинэ зууныг эхлүүлж буй эрүүл мэндийн салбарын энэ цаг үеийн баатрууд Та бүхэн цар тахлын хүндрэлийг даван туулж чадах болно.
Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарыг бүхий л талаар дэмжиж ажиллана. 2022 оноос иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах тогтолцооны шинэчлэлийг хамтдаа хийнэ. Иргэдийн эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг боловсролын салбартай хамтран өөрчилнө. Эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судас, сүрьеэ, түлэнхий, халдварт өвчин судлал болон хавдар судлалын үндэсний төвүүдийг шинээр байгуулж, амаржих газруудын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авах боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх талаар анхаарч дэмжиж ажиллана гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна