2024/11/27

Малайзын 97 настай улс төрч парламентын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

info@inder.mn
2022/10/12

Дэлхийн хамгийн туршлагатай улс төрчдийн нэг гэгддэг Махатхир Мохамад удахгүй болох Малайзын парламентын сонгуульд өрсөлдөх шийдвэрээ зарлажээ.

Малайзын ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан тэрбээр одоо 97 настай юм. Мохамад 1981-2003 оны хооронд 22 жил ерөнхий сайдаар ажиллаад сүүлд 2018 онд 92 насандаа хоёр дахь удаагаа энэхүү өндөр албан тушаалд томилогдож байжээ.

Энэ оны эхээр тэр зүрхний асуудлаар эмнэлэгт хэвтэж байсан бол одоо дахин төрийн хэрэгт оролцох чадвартай байгаагаа илэрхийлсэн байна.

Гэхдээ нэр дэвших эвсэл нь сонгуульд ялбал тэр дахин ерөнхий сайдаар ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

“Зөвхөн ялсан тохиолдолд энэ асуудал яригдах учраас бид одоогоор хэн ерөнхий сайд болохыг шийдээгүй байна” гэж Мохамад өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Даваа гарагт Малайзын парламент тарсан тул ээлжит бус сонгууль зохион байгуулагдах боломж бүрдсэн юм.

Дэлхийн томоохон санхүүгийн дуулиануудын нэг болох 1MDB баялгийн сангийн хөрөнгийг завшсан хэрэг Малайзын улс төрийг тогтворгүй болгож буй нэг гол хүчин зүйл.

Тиймээс Малайзын олон нийт ээлжит бус сонгуульд их найдлага тавьж байгаа юм.

Махатхир Мохамад анх 1964 онд парламентын гишүүн болж байжээ. Тэрбээр 1980-аад оноос эхэлсэн Малайзын эдийн засгийн хурдтай хөгжил, шинэчлэлтийн гол гавьяатан гэж үнэлэгддэг.

Олон саяын хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт холбогдсон ерөнхий сайд асан Нажиб Разакийг зайлуулахын тулд тэтгэвэртээ гараад байсан Мохамад 2018 онд улс төрд эргэн ирж ялалт байгуулсан юм.

Одоо Разак мөнгө угаасан, албан тушаалаа хэтрүүлж ашигласан хэргээр шоронд хоригдох ял сонсоод байгаа.

Гэвч эвслийнх нь дотоод зөрчил эрчимжсэн тул Мохамад 2020 онд ерөнхий сайдын албан тушаалаа бусдад шилжүүлж байжээ.

 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна