2024/11/23

МАН-ААС НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ЭМЭГТЭЙЧҮҮД УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

info@inder.mn
6 цаг 17 минутын өмнө

МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ойг тохиолдуулан Нийслэл, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 83 төлөөлөгч эмэгтэй уулзалт зохион байгуулж,  хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус уулзалтаар эмэгтэйчүүд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулан санал солилцсон юм.

 Өдгөө 30 жилийн ойтойгоо учран золгож байгаа СДМЭХ 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоод, сум, хороодын салбар зөвлөлүүдийн хамт нийгмийн тэнцвэртэй байдлыг бий болгох үйлсийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж, эгнээндээ 110 мянга гаруй гишүүнийг нэгтгэсэн хүчирхэг байгууллага болжээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо 1994 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэйгээр байгуулагдаж, тэргүүнээр УИХ-ын Судалгааны төвийн секторын эрхлэгч, МАХН-ын Бага хурлын гишүүн Д.Алтай сонгогдсон түүхтэй. 

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд зохион байгуулсан холбооны ээлжит бус их хурлаар СДМЭХ-ны  ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Мандхай нар сонгогдон удирдлагын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн, үндэсний хэмжээнд Социал демократ үзэл баримтлалыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 Холбооны дэргэдэх Нийгмийн ардчилал залуучуудын сан­гаас БНХАУ-ын Энхтайван хөгжлийн санд санал тавьж, үүний хүрээнд эрүүл мэндийн салбарт томоохон хэмжээний гур­ван төслийг амжилттай хэрэг­жүүлсэн.  Тухайлбал, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт бүх өвчтөний амин үзүүлэлтийг нэгэн зэрэг хянах төвлөрсөн системийг суурилуулахын зэрэгцээ тус тасагт хэсэгчилсэн засвар хийж, тав тухтай орчин бүрдүүлэв. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг хүүхдэд ээлтэй байдлаар тохижууллаа.

 Түүнчлэн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хөгжлийн хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах орчныг бүрдүүлэх зорилгоор  “Аутизм Монгол-Анд” төрийн бус байгууллагын мэдрэхүйн болон биеийн тамирын өрөөг тохижуулав.

 Социал демократ залуучуудын санаачилга, санхүүжилтээр Булган аймгийн Гурванбулаг суманд гурван га газарт мод бут, сөөг, модлог ургамал тарьж, сурагчдад зориулсан экологийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн  Холбооны ажлын албанаас СДМЭХ-ны 30 жилийн түүхэн замналаас цуврал нийтлэл бэлтгэн  “Цахим сэтгүүл”-ээрээ дамжуулан гишүүд дэмжигчдэдээ хүргэн ажиллаж байна. Түүнчлэн 21 аймаг, есөн дүүрэгт бүтээлч аяныг өрнүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна