Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмайн сан, ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага хамтран 2017 оноос “Бүс ба зам” төслийг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос хойш “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал” төслийн хүрээнд зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж, 125 хүүхдийг мэс заслын эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж, амьдрал бэлэглэж байсан.
2024 онд БНХАУ-ын Бээжин хотын "Анжен" эмнэлгийн эмч нар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр төрөлхийн зүрхний эмгэгтэй 272 хүүхдэд мэс засалд сонгох үзлэг, оношилгоог зохион байгуулснаас 75 хүүхэд сонгогдсон.
Эхний ээлжинд хагалгаанд хамрагдах 25 хүүхэд хагалгаанд орохоор асран хамгаалагчийн хамт Бээжин хотыг зорилоо.
15 хүүхдийг Бээжин хотын "Анжен" эмнэлэгт, 10 хүүхдийг Хунан мужийн "Чэнжоу" эмнэлэгт хагалгаанд оруулна.
Хүүхдүүдийг үдэж өгөхөөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, "Аэр Чайна" нислэгийн багийнхан, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг болон ажилтнууд хүрэлцэн ирж, эцэг, эхчүүдэд хагалгааны талаарх мэдээллийг өглөө гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна