Боловсролын яамнаас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн “Хамтарсан судалгаа - Бизнес түншлэл 2024” семинар Япон Улсын Токио хотод боллоо.
Үйл ажиллагааны үеэр Япон, Монгол хоёр улсын судлаачид зургаан чиглэлээр 31 илтгэл хэлэлцүүлж, их сургууль, судлаач, аж ахуйн нэгжийн 30 орчим тусгай уулзалтыг зохион байгуулснаар 10 санамж бичиг, гэрээ байгуулав.
Энэ удаагийн семинарт Боловсролын яам, Сангийн яам, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Япон дахь төлөөлөгчийн газар, ЖАЙКА, Японы аж ахуйн нэгж, байгууллага, судалгааны хамтрагч их сургууль, “Аsia Seed” төслийн зөвлөх баг, МУИС, ШУТИС, ХААИС-ийн хамтарсан судалгааны баг бүхий 320 гаруй төлөөлөл оролцлоо.
Судалгааны ажлыг таниулан сурталчлах, зөвхөн их сургуулиудын хооронд бус Япон, Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэн инновац, шинэ бүтээгдэхүүн бий болгох, гарааны компани байгуулах, хөрөнгө оруулалт татах, судалгааны багуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус семинарыг зохион байгуулсан нь хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна.
Мөн их сургуулийн судлаач, эрдэмтдийн чадавх бэхжиж, Засгийн газраас дэвшүүлж буй судалгааны их сургуулийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон улсын зах зээлд гарах, хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлсэн үр дүнтэй арга хэмжээ болсныг семинарт оролцогчид санал нэгтэй дүгнэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна