2025/06/24

Аз жаргал яг хаана байна вэ? Мөнгөнд үү, хайранд уу

info@inder.mn
Өчигдөр 16 цаг 17 минут

“MGL art media” групп “Скаймедиа” корпораци хамтын бүтээл “Бэхэн зүрх” кино үзэгчдийн хүртээл болохоор өчигдөр нээлтээ хийлээ. Энэ өдөр анхны цас будран орж, гадаа түгжрэл ихтэй байсан ч хосууд гар гараасаа хөтлөлцөн кино нээлтэнд ирсэн байлаа.

Тус киноны агуулга нь С.Төгөлдөр хэмээх авьяаслаг чадварлаг зохиолч залуу Б.Гэгээлэн хэмээх эгэл даруу, үзэсгэлэнтэй охинтой учирснаар тэр хоёрын хайр дурлалын романс эхлэх бөгөөд, Төгөлдөр Гэгээлэнд хайртай болсноор өөрийнхөө бичсэн зохиолын гар бичмэлийг өгч тухайн зохиолыг Б.Гэгээлэн өөрийнхөө нэр дээр хэвлүүлэх бөгөөд тус зохиол нь бестсиллер болж Гэгээлэн нэр алдарт гарч байгаагаар үйл явдал цаашид хэрхэн яаж адармаатай ээдрээтэй өрнөхийг харуулж байгаа юм.

Тус кино нь нэр алдрын төлөөс, үнэн ч хайрын үнэ цэнэ, золиосыг өгүүлдэг юм.

This image has an empty alt attribute; its file name is 312754837_3310135692594202_1528066744686953274_n-1024x683.jpg
No description available.

“Бэхэн зүрх ” киноны найруулагчаар А.Баттүшиг,  Ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, Ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа,  Ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, Хөгжмийн зохиолчоор Г.Онон нар ажилласан байна.

Харин дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Отгонсувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ.

А.Баттүшиг: Энэ киноноос хүний мөн чанар болоод эр хүний мөн чанарыг олж харна

Ерөнхий найруулагч А.Баттүшиг: Энэ зохиолоос хүний мөн чанар болоод эр хүний мөн чанарыг олж харсан. Дээрээс нь хайрыг харлаа. Хайрын тухай ойлголт мөнхийн л сэдэв. Харин одоогийн залуусын хайр сэтгэлийн тухай дахь ойлголт миний энэ киног хийхээр сэтгэл шулуудсан шалтгаан байж магадгүй. Хүн бүр өөрийн характер, үзэл бодлоор бие биедээ хайртай болдог. Чимээгүй хайрлаж, хашгирч хайрлаж болдог. Харгислаж хайрладаг. Хүн хүний хайр ондоо. Бидний болон биднээс өмнөх үеийнхнийг хэт хуучинсгаар хайрладаг байж гэвэл өрөөсгөл. Гэтэл одоо хайр хэзээд эргээд ирнэ, үүгээр дууссан ч дахиад боломж олдоно гэх мэтээр хэтийдтэл хөндий ханддаг болчихсон шиг санагддаг. Энэ шалтгаан намайг дурлуулсан гэх үү дээ.

Продюсерээс шалтгаалж, хийхийг хүсээгүй зүйлсээ ч оруулсан. Киноны ирээдүйг бодоод гэх юм уу даа. Өөрөө өөрийнхөө үзэл бодлыг зөрчиж байна гэсэн үг л дээ. Гэхдээ энэ нь масст илүү таалагдах байх. Зарим уран бүтээлчид “Түшиг арай хөнгөн хандаж дээ” гэж ч бодох байх.

Ц.НацагдоржДүрийн санал тавихад зохиолоо ч уншаагүй шууд хүлээж авсан

-“Бэхэн зүрх ” кино нээлтээ хийж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-“Бэхэн зүрх ” кино бол миний тоглосон 2 дахь кино. Энэ кинонд туслах дүр бүтээсэн. Гэхдээ гол туслах дүрүүдийн нэг. Сэтгэгдэл маш өндөр байна. Киноны ертөнцөд нэгдсэндаа баяртай байна.

-Анх зохиолоо уншаад дүрээ хэрхэн хүлээж авав?

-Шууд л хүлээж авсан. Зохиолоо ч уншаагүй. Хамгийн гол нь намайг тоож, киноны дүр өгнө гэдэг маш том хүндэтгэл санагдсан. Харин дараа нь зохиолоо уншихад их таалагдсан. Би Асралт гээд баян хүний дүрийг бүтээсэн. –

О.СамданпүрэвХүн бүрийн амьдралд тохиолдож байсан хамгийн нандин хайрын нарийн утсыг хөндсөн

Жүжигчин О.Самданпүрэв: Манай кино хүн бүрийн амьдралд тохиолдож байсан хамгийн нандин хайрын нарийн утсыг хөндсөн гэж бодож байна. Хайрын хамгийн нандин мэдрэмжийг харуулахыг хичээлээ. Анх киноны зохиолоо уншаад маш их хичээх ёстойгоо мэдэрсэн.

Учир нь бусад хайрын тухай кинонуудаас илүү дотогшоо нарийн мэдрэмж гаргаж, тэрийгээ үзэгчдэд сэтгэлд нь хүртэл хүргэх нь маш чухал байсан. Тиймээс илүү их хичээж ажиллаж тоглосон.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна