2024/11/22

Монголын шилдэг уран зургийн тусгай үзэсгэлэн Орхон аймагт анх удаа гарна

info@inder.mn
2023/05/08

Монголын уран зургийн галерей нь соёл урлагийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүртээмжтэй түгээх, соёлын өвийг сурталчлах, ард иргэдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилгоор Орхон аймагт тусгай үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, Хөдөлмөрийн Баатар, ардын Зураач, Төрийн соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл” болон ардын зураач, Төрийн хошой шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”, Д.Амгалангийн “Жаахан шаргын нутаг”, Ё.Өлзийхутагийн “Эх нутгийн эзэд” зэрэг Монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлийг дээжлэн “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг толилуулна.

"Соёлын сэргэлт-2023” аяны нээлт 2023 оны тавдугаар сарын 10-нд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Уурхайчин” соёлын ордонд болно. Нээлтийн арга хэмжээнд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хааны ёс суртахуун ба Монголын үнэт зүйл” сэдэвт лекц уншиж, алдарт “Дэлхий” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт тоглогдох юм.

“Монголын урлагийн хосгүй бүтээлүүд” тусгай үзэсгэлэн энэ сарын 10-15-нд Хүүхэд, залуучуудын театрт дэлгэгдэнэ. Мөн Орхон аймагт зохион байгуулагдах Соёлын сэргэлт-2023 аяны үеэр тусгай үзэсгэлэнгээс гадна соёл, олон нийтийн хөтөлбөр, урлаг, соён гэгээрлийн лекц, чадавхжуулах сургалтууд зохион байгуулагдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна