Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод. Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Заг ихтэй газар цагаан гоёо их ургадаг. 100 килограмм заг 80 килограмм чулуун нүүрстэй тэнцүү хэмжээний илчлэг ялгаруулдаг. 4500 килокалори дулаан ялгаруулдаг учраас говийнхон “ургаа нүүрс” гэж нэрлэдэг.
Гэвч сүүлийн жилүүдэд заг модыг түлшинд их хэмжээгээр ашигласнаас үүдэлтэйгээр бараг устаж үгүй болж байна. Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой. Хэзээ орох нь мэдэгдэхгүй бороонд найдалгүйгээр хөрсөн доор хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг мод юм.
Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүлтийг тогтворжуулан барьдаг.
Говь-Алтай аймгийн Ээж ууланд тариалсан таван сая загийн үр нахиалж эхэлсэн таатай мэдээг нутгийн иргэд бидэнд ирүүлээд байна.
Аравдугаар сарын дунд үеэс эхлэн 20 хоногийн хугацаанд нэг га талбайгаас 100-150 килограмм загийн үр түүх боломжтой. Түүсэн үрээ цэвэрлэж, чийгтэй, агаар сайтай байранд хадгалаад, тариалах үедээ 10 сантиметр өргөнтэй хоёр мөр гарган туузалж, нэг метр тутамд гурван грамм үрийг элсэрхэг хөрсөнд 0.5-1 сантиметр гүнд суулгана. Нэг га талбайд 700-750 шоо метр усаар анхны усалгааг хийнэ.
Дараа нь соёололт жигдрэх хүртэл 14 хоногийн хугацаанд өдөр бүр 150-200 шоо метр усаар хоёр удаа усалж өгвөл ургалт түргэсдэг байна.
Ийм аргаар говийн элсний нүүдлийг зогсоож цөлжилттэй тэмцэх боломжтой ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна