2024/11/24

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв

info@inder.mn
Өчигдөр 09 цаг 32 минут

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2023.06.22) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн  газраас  2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан  татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Д.Өнөрболор нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороос төслийг хууль санаачлагчид буцаах зарчмын зөрүүтэй санал гаргасантай холбогдуулан санал хураалт явуулсан. Ингэхдээ “Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье” гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 51.3 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь  Засгийн  газраас  2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа,  Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэнийг дурдаад Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүйг онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, хариулт авсны дараа Гаалийн тариф, гаалийн татварын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа

Хуралдаан Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням  танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан зургаан санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан хуулийн төслийн зарим зүйл, заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэн тул Ажлын хэсгийн хоёр санал болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс гаргасан боловсролын сургалтын байгууллагад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна гэсэн агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Амартүвшин, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Г.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд англи хэлийг тусгах эсэх асуудалд эсрэг, тэсрэг байр сууриа илэрхийлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, “Боловсролын ерөнхий хуулийн төслийн ач холбогдлыг англи хэлний хэрүүл болгон дуусгаж болохгүй. Хуулийн төслийн хүрээнд санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх, сургууль, цэцэрлэгийн засаглалыг улс төрөөс хараат бус байлгаж мэргэжлийн тогтолцоо руу шилжүүлэх, боловсролын доройтолд хүргэсэн хуурамч үнэлгээ, дүнгийн тогтолцоог халах, багш нарыг тасралтгүй хөгжих, сайн багш нийгмийн  баталгаагаар хангагдаж, өндөр цалин авах, сургалтын хөтөлбөрийг шинэчилж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих, хот хөдөө, хувийн болон төрийн сургуулийн сургалтын чанарыг ялгааг арилгах цахим шилжилтийг хийх зэрэг таван том шинэчлэлийг тусгасан. Хүүхэд бүрд тэгш боломж олгох, англи хэлийг багаас нь сургахыг хүсэж байвал нэг хоногийн өмнө ч болтугай хуулиа батлах нь монголын ард түмэнд тустай” гэдгийг тодотгоод бид үндэсний хөтөлбөртөө англи хэлийг гуравдугаар ангиас нь заана,  мөн хоёрдогч хэл байна гэж заасныг онцолж байв.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.7 дахь хэсэгт гишүүдийн зөрүүтэй байгаа байр суурийг нэгтгэх үүднээс УИХ дахь МАН-ын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага авах шаардлагатайг мэдэгдлээ. 

Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу  УИХ дахь МАН-ын бүлэгт ажлын гурван хоногийн завсарлага өгсөн.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороонд буцааж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга П.Анужин Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тогтоолын төсөлд үг найруулгын шаардлага хангаагүй талаар тусгайлан санал хэлж, төсөл санаачлагчийг хуульд нийцүүлэн дахин өргөн мэдүүлэх талаар санал хэлснийг онцлов.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Хянан шалгах түр хороо байгуулах үндэслэл хэсгийг Байнгын хорооны зарим гишүүд  эргэн харах шаардлага үүссэнийг дурдаад төслийг анхны хэлэлцүүлэгт нь буцаах горимын санал гаргалаа.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэж заасныг дурдав. Ингээд Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаас гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 51.3 хувь нь дэмжив. Иймд уг тогтоолын төслийг дахин хэлэлцүүлэхээр Ниймгийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болон Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 06 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгтгэн хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласныг дурдаад Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд суурилан нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэснийг өргөтгөх үүднээс эцсийн өмчлөгч гэж нэмэх, улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт хязгаарлалтыг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хууль холбогдох бусад хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон бол тухайн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болох, хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг хуулийн 201.2-т заасан этгээд нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, ажлаас чөлөөлөгдөх арга хэмжээ авах хугацааг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болгож хойшлуулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан төслийн 1 дүгээр зүйлийн “хүүхэд” гэдэгт эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно гэж заасан тайлбар хэсгээс “дагавар,” гэснийг хасаж, “хамтран амьдрагчийн” гэсний дараа “одоо хамт амьдарч байгаа” гэж нэмэхээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй есөн санал тус бүрээр санал хураалт явуулав. Ингээд  уг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.  

Дараа нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд үүнтэй холбоотой томоохон таван хуулийн төслийн талаар нухацтай ярилцах шаардлагатай байна” гээд УИХ дахь МАН-ын бүлэг уг хэлэлцүүлгүүдээс маргааш өглөө хүртэл завсарлага авахаа мэдэгдсэн. Хуралдаан даргалагчаас УИХ-дахь МАН-ын бүлэгт маргааш хүртэл нэг хоногийн завсарлага өгөв.

Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг  хүлээн авах нь зүйтэй гэж үзэв 

Хуралдааны төгсгөлд  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган танилцуулсан.

Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаан хянан шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн оролцсон байна.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүснэгтийн 6 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн", 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 10 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн, 285 000 төгрөг" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэснийг тус тус зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн байна.

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчөөгүй хэмээн дүгнэлт гаргажээ.

Иймд Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтуудыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нар тус тус танилцуулсан.

Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 20, Төсвийн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн байна. Байнгын хороодын санал, дүгнэлтэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэнийг дурдаж байлаа.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн олонх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, төрийн хяналтын байгууллагын зүгээс газрын тосны бүтээгдэхүүн дэлхийн болон Монгол Улсын чанарын шаардлага, стандартад нийцсэн талаарх дүгнэлт гаргах шаардлагатай талаар аудитын тайланд нийт Монгол Улсын импортоор авсан шатахууны хэмжээнээс борлуулалт нь давсан байгааг дурдсаныг хуурамч шатахуунтай холбоотой болохыг хөндөж байв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасны дагуу Онцгой албан татварын тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг эхлэв

Хуралдааны төгсгөлд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2023 оны 06 дугаар дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Боловсролын өрөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэнийг дурдаад Боловсролд хүүхэд бүр тэгш хамрагдах, суралцагчийн ялгаатай хэрэгцээнд тохируулан хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Суралцагчийн дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний болон хэлний цөөнх байх тохиолдолд сургалтыг хос хэлээр зохион байгуулах, ахлах сургуулийг сургалтын хөтөлбөрөөс нь хамаарч төрөлжүүлнэ. Сургуулийн өмнөх боловсролд 2-5 настай хүүхэд хамрагдах бөгөөд 5 настай хүүхдийг заавал хамруулна. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргаж бага ангийн сургалтын хөтөлбөрийг гэрээр эзэмшүүлнэ. Ерөнхий боловсролын сургуульд номын санч, цэцэрлэгт сэтгэл зүйч, хоол зүйч ажиллуулна. Зайн болон цахим боловсролыг хөгжүүлж, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран сайн багшаас боловсрол эзэмших зэрэг асуудлыг зохицуулахаар тусгасан гэв.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам еренхий боловсропын сургуулийн номын санчийг олон улсын жишигт нийцүүлэн номын санч багш гэж нэрлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас хөдөө аж ахуйн салбарт ажилладаг иргэдийн хүүхдийг 7 настайгаас сургуульд элсүүлэх талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Ерөнхий боловсролын хуульд тодорхой туссан тул давхардуулах шаардлагагүй гэж үзэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт монгол хүүхдэд үндэсний өв соёлоо тээн хүмүүжин төлөвшүүлэх асуудлыг хэрхэн тусгасан болон байгаль цаг уур, эдийн засгийн чиглэл, хөдөө орон нутгийн онцлогоос хамаарч хичээлийн жилийн эхлэх, дуусах, амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зохицуулж болохоор тусгасан ч үүнийг хичээлийн жилийн эцсийн улирлын шалгалттайг хэрхэн холбохоор зохицуулсныг тодруулсан.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням, Боловсролын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт албан боловсролын агуулга нь суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэж тусгасан. Үүнийг хөтөлбөртөө тусгана” хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн 5.8-д энэ хуулийн 5.5, 5.7-д зааснаас бусад тохиолдолд хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн амралтын хугацааг өөрчлөх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг хориглоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөл байдал гарахаас бусад тохиолдолд боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар шийднэ. Гэхдээ сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд энэ хуульд тодорхой тусгасан хэмээн нэмэлт тайлбарыг өгсөн.  

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 34 саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн чуулганы хуралдааны өнөөдрийн ажлын цаг дууссан тул маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна