Д.Уранцэцэг гэх эмч мэргэжилтэй бүсгүй их хотын иргэдийг хотын соёлд суралцахыг уриалж байна. Улаанбаатар хот 1.7 сая гаруй хүн амтай. Тэрээр их хотод “Соёлын довтолгоо” хийх цаг нь болсон гэдгийг "Оркс" зурагт хуудсаараа дамжуулан соёлтой байхыг уриалсаар байгаа юм.
Гэвч Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх ёстой дүрэм, журмаа биелүүлэхгүй иргэд түүний шаардлагыг хүлээн авалгүй, түлхэн унагаж байгаа бичлэг цахим хуудсаар цацагджээ.
Тэрээр авто замын нэгдүгээр эгнээнд болон нийтийн тээврийн зогсоол дээр байршуулсан тээврийн хэрэгсэл, явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулж, явган хүний зорчих хөдөлгөөнд саад учруулсан автомашин дээр “Оркс” гэсэн зурагт хуудсыг нааж, шаардлага тавьж байна.
Монгол Улсын хэмжээнд зам явган зорчигчид зам тээврийн осолд хамгийн их өртдөг бөгөөд 70 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэхүү тоо манайх шиг цөөхөн хүн амтай улсад нэн тэргүүнд анхаарах асуудал явган зорчигчийн аюулгүй байдал болоод буйг илтгэж байгаа юм. Д.Уранцэцэг нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд нийслэлийн дүрмийн бус үйлдлэл бүр хүний эрүүл мэндтэй тодорхой хэмжээнд хамааралтай болохыг онцолж буй юм. Улмаар түүний "Оркс" санаачлагыг иргэд маш ихээр дэмжиж, зарим тохиолдолд захиалга өгдөг болжээ. Тэрээр: “Нийслэлийн хэмжээнд жил бүр автомашины тоо эрс нэмэгдэж байна. Гэхдээ тэр болгонд нь тааруулж зогсоол барих ямар ч боломжгүй. Тэгэхээр машин унаж байгаа жолооч өөрөө зогсоолоо шийдэх ёстой, зогсоол дээр машинаа тавих хариуцлагатай байх ёстой. Зогсоолгүй газар машинаа тавьж болохгүй гэсэн хууль дүрэм үйлчилж байна. Нийслэл хотод амьдарч байгаа л бол хотын дүрмээ биелүүлнэ гэсний үндсэн дээр жолоочийн үнэмлэх авч машин жолоодож байгаа. Дүрэм биелүүлэхгүй байна гэдэг нь мөнгөгүй юм чинь хулгай хийе гэсэнтэй адилхан юм. Хууль, дүрэм журмаа мөрдөхгүй бол бие биедээ төвөг удаж, улмаар стресс бухимдал эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлнө. Заавал дүрэм зөрчиж машин барих шаардлага бий юу гэдгийг бодох л хэрэгтэй. Хот гэдэг чинь тодорхой хэмжээний соёлтой, дүрэм журамтай байж бүгд эвлэлдэн нэгдэж оршин байдаг. Бид бусад улсын хөгжлийг ярьж, очсон газартаа ягштал дүрмийг нь дагадаг атлаа Монголдоо хэрэгжүүлдэггүй нь харамсалтай. Орк гэдэг нь хот, хөдөөгийн ялгаа биш. Хувь хүний гаргаж байгаа бусдыг үл хүндэтгэсэн, бусдын эрхэнд халдаж буй, соёлгүй, бүдүүлэг байдал. Тэгэхээр XX зуунд хэрэгжүүлсэн "Соёлын довтолгоо" шиг ажил одоо манайд хэрэг болоод байна уу даа гэж нөгөө өнцгөөсөө харж байна. Хотын соёлыг ямар нэгэн байдлаар заадаг, заалгасан нь сурдаг л болмоор байна. Иргэдэд хандаж гурван л зүйл хэлье. Бие биедээ төвөг учруулахгүй байя, бие биенээ хүндлэе, хотын соёлд суралцъя” гэлээ.
Түүний “Оркс” зурагт хуудсыг автомашин дээр нааж эхэлсэн энэ хөдөлгөөн илүү өргөжиж, цонхоороо сүү өргөдөг, орцондоо хогоо хаядаг айлуудын хаалган дээр, нийтийн бие засах газруудаар түгээмэл харагдаж, бусдад соёлыг түгээн, соёлын довтолгоог хэдийнээ эхлүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна