Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл “B+, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B+/Тогтвортой” түвшинд хүрч сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцолсон байна.
Үүнд:
-Монгол Улсын Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлж, арилжааны нөхцөлтэй өрийг төсөв, эдийн засагт дарамт багатайгаар шийдвэрлэж, өрийн дарамтыг бууруулсан.
-2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн нь Монгол Улсын “улс төрийн тогтвортой байдал” үргэлжлэх дохио болсон.
-Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь уул уурхайн зах зээлийн олон улсын үнийн бууралтад илүү тэсвэртэй болсныг харуулсан.
-Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн гэжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал болон геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн олон хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдээд байна.
Харин манай улсын хувьд хүнд сорилттой нүүр тулсан дээрх он жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэлээ бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн бөгөөд улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал нөлөөтэй, ач холбогдол өндөр үзүүлэлт юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна