Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал болох 16 сая төгрөгийг 2019 оноос хойш олгож байна. Энэ шагналын эзнээр хэн тодрох бол гэсэн хүлээлт алба хаагчдын дунд өрнөдөг болсон нь “нууц” биш. Аз, од нь гийсэн гэхээс илүү алдар гавьяагаа бодитоор үнэлүүлсэн алба хаагчид хүртээдэг онцлогтой шагналын эзний нэгээр энэ жил Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Ө.Бат-Очир тодорсон юм.
-Байгууллагын хэмжээнд ажил, үйлсээ үнэлүүлж, “Онцгой гавьяа” байгуулсан алба хаагчийн нэг болсонд халуун баяр хүргэе. Шагнал гардах мөчид төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Энэ шагналаар дамжуулж миний хамт олонд урам, зориг хайрлалаа гэж ойлгож байгаа. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн бүх сум төмөр зудтай. Хүн, мал байтугай машин техник явах боломжгүй хүнд нөхцөл үүссэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүн гэртээ орох завгүй өдөр, шөнөгүй дуудлагаар гарч, ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр үүргээ гүйцэтгэсэн зүтгэлийн үр дүн надад ирсэнд туйлын ихээр баярлаж байна. Энэ үед миний бие хамт олноо ахалж эрэн хайх аврах ажиллагааны 38 удаагийн дуудлагаар 54 хоног үүрэг гүйцэтгэж, 149 том хүн, 16 хүүхдийн амь насыг авран хамгаалж ажилласан. Өмнө нь буюу 2016 онд Онцгой байдлын байгууллагын “Оны шилдэг аврагч”-аар шалгарч байсанаа эргэн санахад сайхан байна.
-Бүх зүйл цаг хугацаатай бас утга учиртай. Таны албанд үүрэг гүйцэтгэхэд нөлөөлсөн “түлхүүр” юу байсан бол...?
Сүхбаатар аймгийн I арван жилийн сургуулийг 2006 онд төгсөөд, дээд сургуульд суралцах эрхээ авчихсан. Намар нь оюутан болохоор бэлтгэлээ хангаж байсан үе. Гэтэл ээжийн ах Онцгой байдлын албанд ажиллах иргэдийн сонгон шалгаруулалт болж байна. Цуг очиж бүртгүүлье гэсэн саналыг тавьсан. Тухайн үед 40 гаруй залуустай шалгалт өгөхөөр бүртгүүлснээс миний бие эхний тавд орж, 2007 оноос Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангид дадлагажих ажилтнаар томилогдсоноор ажлын гараагаа эхэлж байлаа. Шалгалт өгөөд тэнцсэндээ урамшиж, олон аавын хөвгүүдийн хамтаар үүрэг гүйцэтгэх боллоо гэсэн бодол энэ албаны хүн болгосон.
-Томилогдох нэг өөр. Томоохон сорилт мэдээж анхны дуудлага шүү дээ?
Сүхбаатар аймгийн Уулбаян суманд хуучин ашиглаж байсан Засаг даргын тасгийн газрын байр шатаж байна гэсэн дуудлага анхных байлаа. Тухайн үеийн АЦ-40 автомашинтай аймгийн төвөөс 80 км замыг туулж очиход барилгад гал бүхэлдээ тархаж, сум, орон нутгийн иргэд сандарсан, хойш, урагш гүйлдсэн байдалтай угтсан. Орон нутагт галын автомашиныг цэнэглэх усны эх үүсвэр байгаагүй нь асуудал болж байсан ч туршлагатай ах нарын удирдлагад бүхэл шөнөжингөө задаргаа хийж, гал түймрийг бүрэн унтраасан. Аврагч-гал сөнөөгч гэдэг ажлыг хүссэн бүр хийхгүй боломжгүй гэдгийг тухайн үед ойлгож, суралцах ёстойг л мэдэрсэн дээ.
-Тэгвэл та өнөөдөр хамт олноо удирдах, манлайлах, ур чадварт сургах гээд хүндтэй хэрнээ хүндхэн албан тушаалыг хашдаг болсон байна. Таны арга барил юу вэ?
Алба хаагчдынхаа аюулгүй байдлыг чанд сахин хангуулах нь миний гол үүрэг. Гамшиг, ослын дуудлагаар ажиллахад шинэ залуу алба хаагчдынхаа сэтгэл зүй болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах тал дээр түлхүү анхаарахыг хичээдэг. Өөрт оногдсон үүргийг богино хугацаанд гүйцэтгэх чадвартай байхад өдөр тутмын дадлага, сургуулийнхаа бодлогыг чиглүүлж ажиллаж байна. Дуудлагаар очиж ажиллах үед тухайн үeийн аврагчийн сэтгэл зүй харилцан адилгүй байдаг онцлогтой. Бид бүхэн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсны үр дүнд бусдыг аврах, хамгаалах боломжтой гэдгийг алба хаагч бүр ойлгодог учраас хамтран ажиллахад урамтай байдаг. Онцгой байдлын алба маань өдрөөс өдөрт хөгжин дэвшиж, техник хэрэгслийн хүчин чадал нэмэгдэж байгааг харахад бахархалтай байна. Гагцхүү бидний мэргэжлийн ур чадвар, албаа гэх сэтгэл зүрх хамгийн чухал гэж боддог. Техник хэрэгслийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр бидний ажлын бүтээмж сайжирч, ямар ч гамшиг ослын дуудлагаар ажиллахад сэтгэл бардам байдаг даа.
-Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалаад ямар ч үед авран хамгаалах, туслах үүргээ гүйцэтгэсээр байдаг гэж олон аврагчид ярьдаг. Таны хувьд ч тэдний нэг байх?
Би аврагч хүн гэсэн бодол сэтгэл зүрхэнд “мөнхийн” шивэгдсэн байдаг. Энэ тэнд аялал амралтаараа явж байхдаа хүүхдүүд усанд тоглож байхыг хараад өөрийн мэдэлгүй яриа өрнүүлээд, зааварлачихсан зогсож байна. Хувийн ажлаар өвөл машинтайгаа хөдөө явж байхад цасанд суусан хэдэн залуус таарч, туслах гээд яваад очтол цас ухах хүрзгүй, гартаа бээлийгүй яах ухаанаа олохгүй машинаа тойроод зогсож л байна. Туслаад, дэмнээд л аян замд нь үдээд л явуулдаг.
-Энэ их ажлыг ойлгодог, дэмждэг ар гэрийнхэнд нь баярлалаа гэж хэлэхэд ч багадахаар юм?
Манайх ам бүл зургуулаа. Гурван хүү, нэг охинтой. Ханьтайгаа гэр бүл болоод 16 жил болж байна. Миний хань аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралттай тусламжийн 103 тасагт сувилагчаар ажилладаг. Бас л цаг наргүй. Том хүү есдүгээр, дунд хүү тавдугаар, бага хүү нэгдүгээр ангид суралцдаг, охин цэцэрлэгт хүмүүжиж байна. Манай гэр бүлийн хувьд хоёулаа эрдэнэт хүний амь насыг аврах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд ажилладаг онцлогтой.
-Хүн бүр аав, ээжийнхээ ачийг хариулах асар том бодлыг тээж явдаг шүү дээ. Таны хувьд энэ бодлоо хэр бодит болгож амждаг бол?
Аав, ээжийнхээ нэрийг сайнаар дуудуулж, өндөрт өргөж явах л хамгийн том ач тус гэж боддог. Олон хоногийн дуудлагаар явах үедээ аавынхаа бурханд мөргөөд ээжээрээ үнсүүлээд явах хамгийн сайхан. Үүргээ гүйцэтгэж ирээд ээждээ сүү барьж очих тэр мөчүүд хүний амьдралыг илүү утга учиртай болгодог юм шиг санагддаг. Хамгийн сүүлд “Онцгой гавьяа” байгуулсан алба хаагчийн шагналаа гардаж ирчхээд ээждээ хүндэтгэл үзүүлсэн. Ээж минь уйлж, аав нь тэнгэрээс харж хүүгээрээ бахархаж байгаа, миний хүү хамт олондоо хайртай байгаарай гэж үргэлж л захидаг.
-Албаны онцлог гэдэг сайхан. Бусдын талархалаар ташуур хийж, итгэлээр өргөсөн тангарагаа өнгөлж, өөрийн эрхгүй бахархал төрүүлдэг гээд дурдаад байвал олон?
Хүнд тусалсны хариуд ирэх хамгийн том шагнал баярлалаа гэдэг үг. Харин хамгийн сайхан нь баг хамт олны гавьяаг дурсан ярих хүмүүс.Танай аав хүн авардаг гоё ажилтай гэж үр хүүхдүүдэд минь ярих тэр олон хүний яриа гэр бүлд хүртэл үнэ цэнийг бий болгодог. Манай дунд хүү Онцгой байдлын байгууллагын аврагч болно. Аав шигээ хүн болно гэж үргэлж л ярьдаг. Хүмүүн заяаг олж төрсөн эгэл жирийн амьдралдаа эгэлгүй их гавьяаны эзэд болсон Онцгой албанд орсон минь үеийн үед дурсагдах бахархал гэж бодож, залбирч явдаг даа.
-Баярлалаа танд. Авран хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүсье?
Баярлалаа. Ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах эх үйлсэд зүтгэж яваа Онцгой байдлын албаны мөрдөс нэгт алба хаагчдадаа 2025 ондоо амжилт, бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Намайг дэмждэг гэр бүл, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, хамт олон Эрэн хайх, салбарын нийт бие бүрэлдэхүүндээ талархаж явдаг шүү.
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна