Мөрөөдлөө зорилго болгож, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, үнэ цэнийг нь мэдрэх юугаар ч хэмжээлшгүй аз жаргалыг бий болгодог. Өөрийгөө хөгжүүлэх боломж хаана байгааг эрэлхийлж, түүнийг амжилт болгон хувиргаж, амтанд нь “дурлаж” ахин ахин тэмүүлэх шалтгаан ч болдог. Ийм л үзэл бодлын эзэн болж, өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах их үйлсэд зүтгэж байгаа залуу алба хаагчдаас nematimes булан энэ удаад Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Хатанбаатарыг онцолж байна.
-Миний бие таван хүүхэдтэй айлын дундах нь. Багадаа хөдөлгөөнтэй, дүрсгүй хүүхэд байсан. Дорноговь аймгийн Айраг сумын ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийг төгсөж, улмаар тухайн үеийн Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуульд аврагч гал сөнөөгчийн сургалтад хамрагдаж, 2022 оноос ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд Онцгой байдал-гамшиг судлал мэргэжлээр суралцаж байна. Ажлын гараагаа 2015 онд аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангиас эхэлж, 2021 оноос Эрэн хайх, аврах салбарын аврагч-нохой хөтлөгчөөр ажиллаж байна.
-Нохой хүнтэй адил таван мэдрэхүйн эрхтэнтэй. Гэхдээ үнэрлэх, сонсох чадвар нь л гэхэд хүнээс хэд дахин өндөр. Миний “алтан” хамтрагчийг Мастер гэдэг. Ус, ой мод, нурангийн ослын үед ажиллахдаа илүү чадварлаг. Уяулах дургүй, өөрийнхөөрөө байхдаа сэргэлэн цовоо байдаг. Хөтлөгч эзэндээ түшигтэй, үнэнч сайн нөхөр нь байж чаддаг. Ихэнх нохой эзэнтэйгээ санал нийлэхгүй үедээ ульж, эвшээдэг бол Мастер дургүй хүргэвэл шууд хаяад явчихдаг. Тайвширсан үедээ юу ч болоогүй юм шиг эргээд “уулздаг”. Хамтдаа аймгийн хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, аврах ажиллагаанд оролцож байна.
-Албанд үүрэг гүйцэтгэснээс хойш ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд 200 хоног томилогдон ажиллаж, 36 хүний амь нас, 151 айлын гэр, 20 хашаа саравч, мал сүрэг, бэлчээр нутгийг авран хамгаалсан. Мөн гамшиг, осолд өртсөн, осолдсон 30 гаруй буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн бол цас зудад төөрсөн, сураггүй болсон, боогдсон 30 гаруй дуудлагаар 30 автомашиныг татан гаргаж, 80 хүний амь насыг аварсан хамгаалсан байна. Тухайлбал, 2017 онд Төв аймгийн Батсүмбэр, Бор нуур, Баянчандмань сумын нутаг дэвсгэрийг хамарсан ой, хээрийн түймэрт 14 хоног, 2019 онд Дундговь аймгийн Дэрэн суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн голомтод 21 хоног үүрэг гүйцэтгэсэн.
-Гуравдугаар ангийн сурагч байхаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэснээс хойш гийр өргөлт, паэурлифтинг, жюү жицүгээр хичээллэж байна. Чөлөөт бөхийн болон цэрэгжлийн спортын дэд мастер цолтой. Аймгийн, албаны болоод улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тэмцээн, уралдаануудад тогтмол оролцож, өөрийгөө сорьж, суралцаж, хичээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Марш тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа хамтаар оролцож, 2014, 2022 онд мөнгө, 2024 онд хүрэл медалийг хүртсэн. Мөн 2023 оны Дорноговь аймгийн “Хилэнц” дэвжээ жю-жицү бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллагуудын “Raw classic” пауэрлифтингийн тэмцээнээс хүрэл, 2024 оны аймгийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнээс хүрэл, “Улаанбаатар марафон-2024” тэмцээний 10 километрийн холын зайн төрөлд алт, 2025 онд “Classic raw-Пауэрлифтн”-ийн улсын аварга шалгаруулах тэмцээний -66kg жингийн шахалт суулт таталтын гурван төрөлд 470 кг өргөсөн амжилт үзүүлсэн.
-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Д.Пүрэвдорж “Монгол даатгал” салбарын захиралаар ажилладаг. Том хүү Х.Хан-Эрдэнэ тав, бага хүү Х.Хан-Эрхэс дөрвөн настай. Цаг барих, хэлсэндээ байх, бусдад төвөг удахгүй, ёс зүйтэй байхыг эрхэмлэдэг. Энэ бүхнийг алба маань надад олгож, түүнийгээ спортоор бий болгосон. Спорт бол асар их хөдөлмөр бас хүндлэл байдгаараа албаны минь үнэ цэнэтэй адилхан. Бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд зүтгэж байгаа алба хаагчийн хувьд бие бялдар болоод сэтгэлзүйн өндөр чадвартай байхаас гадна хүмүүжилтэй байх ёстой гэж боддог. Хамтдаа нэгэн зорилгын төлөө тангараг өргөсөн нийт алба хаагч та бүхэндээ хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна