2025/08/28

Бүлэг зодооны хэрэгт холбогдсон Б.Амарсайханыг интерполоор эрэн сурвалжилаагүй байна

info@inder.mn
2025/08/26

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна өнгөрсөн долдугаар сарын 19-ний шөнө бүлэг зодооны хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан хил давж зугтсан бөгөөд одоог хүртэл Монголд ирээгүй байна.

Тус хэрэгт холбогдсон этгээдүүдэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хохирогч Д.С-ийн биед халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэн  яллагдагчаар татсан. 

Тус бүлэг зодооны хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан хүмүүсийг 30 хоногийн хугацаатай цагдан сэргийлэх арга хэмжээг авсан бөгөөд эхнээсээ суллагдсан. Хэрэгт холбогдсон Б.Амарсайхан хил давж зугтаад 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм. 

Тодруулбал "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан "Найз охины бие гэнэт муудсан, зайлшгүй очих шаардлагатай байна, энэ сарын 27 нд ирнэ" хэмээн хил давж зугтсан байдаг.  Гэвч одоог хүртэл Монгол Улсын иргэн Б.Амарсайханыг интерполоор эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл одоогоор нийтлэгдээгүй байна. Үүнд олон нийтийн дунд түүний аав  "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы нөлөөлөл орсон гэх хардлагыг үүсгэж байна.  

Хохирогч Д.С нь гавал, тархиндаа гэмтэл авч биеийн байдал нь хүнд, нэг нүд нь харахгүй байгаа хэмээн түүний эгчийн мэдээлэл бий. Тухайн хохирогч Д.С нь Гэмтэл Согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад Солонгос улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна