Татварын дарга нарын эрх ямба төрийн албан хаагчдынхааас давуу…
Он солигдохын өмнөхөн Дубайд аялсан нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарын асуудал олон нийтийн дунд талцал үүсгээд буй. “Төрийн албан хаагчид хүн биш юм уу, аялж яагаад болохгүй гэж” гэсэн өнцөг байхад улсын төсөв хоёр их наядаар тасарч, төрийн сан улайчихаад байхад татварын дарга нар нь бөөн бөөнөөрөө тансаг аялал хийсэнд дургүйцэн бухимдах хэсэг цөөнгүй байна.
Төрийн жирийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулал, нэмэгдлийг олгохгүй гэх Сангийн сайдын мэдэгдэл ч нэрмээс болсон биз.
Басхүү ажилгүйдлийн тэтгэмж намраас хойш өгөөгүй, санхүүжилт байхгүй гэсэн тайлбар иргэдийн бухимдалд ташуур өгсөн нь лавтай.
Ийнхүү нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргихын жишгээр чин шударгаар ажлаа хийж яваа төрийн албан хаагчид руу массаас ирэх дайралт сүүлийн хэдэн өдөр тасарсангүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар ч Нийслэлийн татварын газрын дарга, дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг үүрэгдсэн. Харин Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар “Хариуцлагаа би хүлээнэ. Аяллыг нийслэлээс зохион байгуулсан, санхүүжилт нийслэлийн төсвөөс гарсан, бид туршлага судалсан” гэж тодруулга өгөөд буй.
Юутай ч аар аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт нэг сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг олгосон байна.
Тэгэхээр татварын газар, хэлтсийн дарга нар төрийн албан хаагчдын дэргэд давуу эрх ямба эдэлдэг бололтой.
Түүнчлэн нийслэлийн Засаг дарга 2024 онд Нийслэлийн татварын газарт 175 гаруй сая төгрөгийн нэмэлт санхүүжилт олгож, энэ удаа ч аяллыг нь санхүүжүүлээд их өгөөмөр загнадаг аж.
УИХ-аас 2022 онд баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөх хэрэгжүүлэх талаар бүр түй ч хамаагүй бололтой. Уг нь энэ хуульд төрийн албан хаагч, төрийн байгууллагуудад юу юу хориглохыг, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байхыг маш тодорхой заасан байгаа. Харамсалтай нь нэг хэсэг иргэд, аж ахуйн нэгжүүд нь татвар төлөх гэж хуруу хумсаа хуйхалж, татварын өртэй гэгдэн дансаа хаалгаж байхад татварын орлого бүрдүүлдэг эрх мэдэлтэй дарга нар нь Дубай аялж, тансаглах гэж. Угаас энэ үйлдэлд хариуцлага шаардах нь ч зүй ёсных билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна