УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөдөр мэдээлэл хийх үедээ “УИХ-ын дарга М.Энхболд гэр бүлийн гишүүдийг нь баривчилна хэмээн гишүүдийг дарамталж байна. Засгийн газрыг огцруулахгүй гэсэн кноп дарвал гэмт хэрэгт гүтгэнэ хэмэн сүрдүүлж байгаа” хэмээсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий прокурор болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлснийг Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд танилцууллаа.
Уг албан бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа тул хууль, хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж, гишүүдийг дуудаж, Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулж шалгана гэсэн мэдэгдэл хийсэн. Дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны мэдэгдэл хийнэ үү” хэмээжээ.
Мөн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, “УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэх үед С.Бямбацогт гишүүний хүсэлтийн дагуу Ёс зүйн дэд хороог хуралдуулахаар түр завсарласан. Уг дэд хорооны хуралдаан дууссаны дараа УИХ-ын чуулганы хуралдаан хэвийн үргэлжилнэ” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авав.
-УИХ-ын дарга албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл байна?
-УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй.
-УИХ-ын дарга чуулгандаа орж ирэх үү?
-УИХ-ын дарга Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажилладаг. Одоо тус дэд хорооны ирц бүрдэж, хуралдахыг хүлээж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна