УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар тус тус танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ерөнхий сайд “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нь Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т “Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална.” гэж тус тус заасныг зөрчин, УИХ-ын нэр бүхий гишүүдээс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай саналд гарын үзэг зурсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулгадаа дурдав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжсэн байна.
Ерөнхий сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа богино хугацаанд үр дүнтэй ажилласныг онцлоод Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн том салбарын бодлогыг авч явах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах мэдлэг чадвартай, ёс зүйтэй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг шалгуураар дараагийн нэр дэвшигчийг томилохыг Засгийн газрын тэргүүнд захиж байлаа.
Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, богино хугацаанд энэ салбарт гар нийлэн хамтарч, бас дэмжлэг үзүүлж ажилласан Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд, салбарынхандаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ, улстөрчийнхөө хувьд ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг учир улстөрийн шийдвэр гаргасныг ойлгохыг хүссэн.
Ингээд Байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг дэмжье гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжив. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай Монгол УИХ-ын тогтоолын төслийг баталлаа..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна