2025/02/06

Мэргэжлийн хяналтын газраас “Цайрт минериал” ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв

info@inder.mn
Өчигдөр 12 цаг 54 минут

Архангай

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Намуун” эмэгтэйчүүдийн клиникийн эмнэлэгт шинжилгээтэй урьдчилан сэргийлэх хяналт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар үүрэг даалгавар өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн туслалцаа зөвлөгөө өглөө.

 

Баянхонгор

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банк, Капитал банканд ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа, илүү цагийн хөлс олголт, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Мөн “Анхаарал болгоомжтой алхацгаая-Аюулгүй орчныг бүрдүүлцгээе” сарын аяны хүрээнд “Баянхонгор тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ”, “Цэвэр хот ОНӨХХК”-ийн нийт 68 ажилтан албан хаагчдад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай” хуулиудыг сурталчилж осол гэмтэл, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж зөвлөмж өглөө.

 

Баян-Өлгий

Иргэнээс Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн гомдлын дагуу “Цамбагарав-2” супермаркетад хяналт шалгалт хийж, хэрэглэх хугацаа дууссан, хөгцөрсөн 64,500 төгрөгний “Матрёшка” наполеон торт болон “Мамба” чихрийг хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ.

Мөн найман эмийн санд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, жороор олгох эмийг шаардлага хангаагүй эмийн жор болон жоргүйгээр олгосон зөрчлийг илрүүлэн, таван эмийн сангийн эрхлэгчид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль, шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

 

Булган

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчид, сумдын байгаль орчны болон хуулиар эрх олгогдсон 40 улсын байцаагчийг хамруулан төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын шинэ арга барилд сургах семинар зөвлөгөөнийг энэ сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Түүнчлэн иргэд, хэрэглэгчдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрсдэлийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Баян-Агт, Сайхан, Бүрэгхангай сумдын иргэдтэй уулзалт ярилцлагыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулжээ.

 

Дорноговь

Дорноговь аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсээс зохион байгуулсан "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерѳнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018" стандартын мэдлэг олгох сургалтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн эрхлэгч, шинжээчид хамрагдлаа.

Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, 27 заалт бүхий зөрчил дутагдлуудыг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

 

Дорнод

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны ажлын гүйцэтгэл, 2019 оны зорилтот жилийн хүрээнд хийх ажлын талаар танилцуулах зорилго бүхий "Иргэн төвтэй үр дүнд суурилсан төрийн үйлчилгээг төлөвшүүлэх" нь улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагчид, Дархан цаазат газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчид оролцож байна.

 

Өмнөговь

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийт албан хаагч, сумын байгаль орчны байцаагчдын 2019 оны анхны сургалт зөвлөгөөнийг хоёрдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнөөр аймгийн Прокурорын газар, Алтайн өвөр говийн сав газар, Эрүүл мэндийн газар, Төрийн архивын тасгаас сургалт, мэдээлэл өгч, Зөрчлийн хэрэг бүртгэлд анхаарах асуудал, амилуулах суурь тусламж үзүүлэх тухай, архив, албан баримт бичигт тавигдах шаардлага зэрэг сэдвээр мэдээлэл хийж, дадлага сургуулилт хийсэн аж. Зөвлөгөөний үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар гурвалсан гэрээ байгуулжээ.

 

Сүхбаатар

Иргэний өргөдөл гомдлын дагуу Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Цайрт минериал” ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Тус компанийн авто замын тээвэрлэлтийн маршрут зөрчсөн хоёр тээврийн хэрэгслийн жолоочид захиргааны арга хэмжээ авч хоёр сарын хугацаагаар тээвэрлэх эрхийг түтгэлзүүлсэн байна. Цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх, батлагдсан маршрутын дагуу тээвэрлэлт хийж байхыг анхааруулан, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна