Иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газар шинэчлэн зохион байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Засаг даргын Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон дүүрэг хорооны удирдлага танилцлаа.
“Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 220 нэгж талбарын 285 өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоно. Эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбожээ.
285 өрхөөс 28 айл шинээр амины орон сууц барьж, 104 айлын сууцыг дулаалгын аянд хамруулсан юм.
Дээрх 285 айлыг халуун, хүйтэн, бохир усны шугамд холбохын тулд 5 хос шугам шинээр татсан. Дэд бүтцийн төвийн барилгын хувьд зоорийн давхарт цахилгааны 10 Квт дэд болон 0.4 Квт станцтай. Мөн СӨХ-ын үйл ажиллагаа явуулах болон оршин суугч иргэд нөхөрлөл байгуулан үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангажээ.
Мөн бие даасан цэвэрлэх байгууламжтай бөгөөд хоногт 520 м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай. Дэлхийн стандартад нийцсэн, сүүлийн үед жишиг болсон цэвэрлэх байгууламж юм. Улаанбаатар хотод гэр хороолол дунд баригдсан анхны байгууламж. Бохирыг 99.99 хувь цэвэршүүлнэ. Үнэр ялгарахгүй, гарч буй бохир ультра ягаан туяагаар шарагдаж цэвэршдэг гээд олон давуу талтай аж.
Ирэх сарын 15-наас 2.2 км гэрэлтүүлэг болон камержуулалттай авто замын ажил эхэлнэ. Мөн төсөлд хамрагдсан иргэд хамтарч нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний болон дугуйн зам байгуулах боломжтой.
Төслийн хүрээнд 285 айлын газар буюу нийт 14 га газарт дулааны 85, бохирын 92 худаг шинээр барьжээ. Мөн дулааны 2800 метр, бохирын 2200, цэвэр усны 1200 метр, цахилгааны 2500 хос метр шугам тавьсан байна.
Өнөөдрийн байдлаар айлуудын хашаанд төвийн шугам оруулж холбосон. Харин хашаанаас байшин хүртэл татах ажил ирэх сараас эхлэх юм. Бүрэн ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг тавдугаар сарын 15 гэж тооцож буйг нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү хэллээ.
“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өмчлөлийн газартаа амины сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдана.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Энд оршин сууж дэд бүтцийн төвд холбогдсон өрхүүд төвийн дулаанд холбогдсон айл өрхүүдтэй адилхан. Иргэд байшингаа яаж ч өөрчилж орон сууцаа шинэчлэн тохижуулж болно. Мөн иргэд нэгдэн хороодын хөгжлийн зөвлөл байгуулж, тухайн зөвлөл дэд бүтцийн төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, сантехник зэрэг бүхий л үйлчилгээ явуулах боломжтой.
Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Энэ төслийг дэд бүтэц хүрэх боломжгүй газруудад хэрэгжүүлж болно. Тухайн орчмын айлуудаас шалтгаалан хүчин чадал, хамрах хүрээг томруулан хийх боломжтой. Иргэдийн таатай амьдрах бодит шаардлагыг хангавал зөв хэмнэл, ахуйн орчин сайжраад гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах ажил эрчимжиж, энэ жишгээр амьдрах иргэдийн тоо өсөх, хамрах хүрээ тэлэх хөшүүрэг болно” гэлээ.
Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2,794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд 2017-2020 онд нийт 50 ширхэг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төв байгуулах замаар 17,500 нэгж талбарын 22,250 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбохно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна