УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан.
Ерөнхий сайд танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлээд, Ерөнхий сайд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан байна.
Я.Содбаатар нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын-Зам тээрвийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан тул түүнийг Засгийн газрын-Зам, тээрвийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэж байлаа.
Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.
Ерөнхий сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай миний хамаарал бүхий компани нэр холбогдсон. Энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа бөгөөд удахгүй ус, тосыг нь ялгаад гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, улстөрчийн хувьд ёс зүйг эрхэмлэдгийн хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж байлаа.
Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжье гэснийг хуралдаанд оролцсон гишүүд 69,1 хувь нь дэмжсэн. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна