2025/05/10

Улсын их хурлыг ч, Ерөнхийлөгчийг ч нүүлгэе

info@inder.mn
2019/02/22

УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан ордонд болсон нэг хурал дээр “Их тэнгэрт төрийн ордон барих хэрэгтэй” гэж хэлсэн үг хэлсэн нь сошиал сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Агаар сайтай газарт, төсвийн мөнгөөр өөрсөддөө ордон барих гэлээ, тэрний оронд  цэцэрлэг сургууль барь гэхчлэн шаагилдаж эхэллээ. Гишүүд, улс төрчдөө ПОП гэж шүүмжилдэг шигээ Монголчууд бид бүгдээрээ дор бүрнээ жалга довын популистууд, бүр тодруулбал ПОП-ын хаад болжээ. 

Шинээр төрийн ордон /парламентын/ барих асуудал өнөөдөр яригдаж байгаа зүйл биш.  2006 бил үү онд Кувейтын сангаас парламентын ордонд барихад зориулж 12 сая доллар өгье гэснээс хойш л яригдсан ч барих газар олдохгүй байсаар эдүгээ хүрсэн. Ордны зүүн талд буюу Таванбогдын "Галериа Улаанбаатар" боссон, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр, баруун талд нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг баригдсан тэр газарт, бүр ордны арын цэцэрлэгийг устгаад суурин дээр нь барих санал биелэлээ олох шахаж байв. Зайдуу гэвэл Яармаг, Нүхт, Зайсан, Ханын материалд барих хэрэгтэй гэсэн саналууд ч гарч байж. Харин яагаад ч юм төрийн ордонтой ойр байх нь дээр гээд л ордон тойруулж газар хайсаар, эцэст нь Кувейтын өгөх мөнгийг Түлэнхийн төвийн байшинд зарцуулахаар болоод өнгөрсөн санагдана. Ер нь бол парламентын ордон барих хэрэгтэй. Манайх шиг Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд нь нэг байшинд чихэлдэн суудаг улс орон ховор байх.

Аюулгүй байдлын үүднээсээ ч ийм шаардлага тавигддаг юм билээ. Тиймээс парламентын ордноо бариад, 76 гишүүн тамгын газар, туслах зөвлөхүүдтэйгээ нүүчихвэл ордон бараг суларчихна. Мөн Ерөнхийлөгчийг ч нүүлгэх хэрэгтэй. Одоо амьдарч буй 1-р сургуулийн зүүн талын байрыг нь жаахан томруулаад АНУ-ын "Цагаан ордон" БНСУ-ын "Хөх ордон" шиг ордонд Ерөнхийлөгч тамгын газартайгаа ажиллаж, амьдрахад болохгүй юмгүй. Эсвэл Их тэнгэрийн үүдэн талд Хатан туул бил үү гурван давхар том байшинг өргөжүүлж, Ерөнхийлөгчийн ордонд болгож болох юм. Одоо бол шадар сайд ба ЗГХЭГ-ын дарга амьдардаг,хааяа хурал зөвлөгөөн, хүлээн авалт гэх мэтийг зохион байгуулдаг тусгай арга хэмжээний заалтай байшин бий. Их тэнгэрийн хашаанд хувийн компани газар аваад барилга барьж байгаа, нэг төрийн бус байгууллага хүртэл маш том газар авчихсан тохиолдол бий. Нэгэнт төрийн тусгай хамгаалалтай бүс юм бол хувийн компани байшин барьж байхаар парламентын байна уу төрийн ордноо тэндээ барьчихвал, гадна дотны том хурал зөвлөгөөн хийх танхимтай, ойролцоо нь УИХ-ын гишүүдэд зориулсан орон сууцтай ч барьчихад болохгүй юмгүй санагдана. Гишүүний хугацаандаа амьдраад буухаараа дараагийнхдаа суллаад өгнө биз.

Тэртээ тэргүй гишүүдэд орон сууцны мөнгө гэж өгдөг болохоор төсвөөс зарах мөнгө төгрөгний хувьд нэг их зөрүү гарахгүй болов уу? Дээрээс нь Зайсан, Их тэнгэрт парламентын ордноо барьчихвал хотын төв хэсгээр замын түгжрэл ч багасах сайн талтай. Аан, одоогийн төрийн ордонг яах гэж байгаа юм гэж үү? Энд Ерөнхий сайд буюу Засгийн газар үлдэнэ. Гол гол яамдууд нүүж орно. Яамдын суларсан байшингуудыг дуудлагаар худалдахад Их тэнгэрт Их хурлын ордон барих мөнгөө бараг олчихно. Хэрвээ сайд дарга нар, гишүүд Их тэнгэрлүү , парламентруу дуудагдах, хурал чуулганд оролцоход замын түгжрэл энэ тэрээс шалтгаалаад хүндрэлтэй байна гэх юм бол зарим бизнесмэн, улс төрчдийн мөрөөдөж ярьдаг “cable car” буюу агаараар явдаг дүүжин тэрэгний үйлчилгээгээ хурдан нэвтрүүлнэ биз. Энэ мэт шалтгаануудаас үзэхэд шинээр парламентын ордон барих, тэр тусмаа хотын төвөөс өөр газар барих нь эсэргүүцээд байх зүйл биш юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна