2024/05/03

С.Энхболд: III тунгийн вакцинжуулалт 50 хувьд хүрвэл сургууль, цэцэрлэгийн бүрэн нээх боломжтой

info@inder.mn
2021/11/24

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 18 асуудал хэлэлцсэн бөгөөд хуралдааны эхэнд коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсчээ.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Ч.Болортуяа ярихдаа “Ковид-19 өвчний тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулбал 26 хувиар буурсан байна. Нөгөө талд дархлаажуулалт идэвхтэй байсны үр дүн юм. Ерөнхий сайд хэрвээ гуравдугаар тунгийн хамрагдалт нийт хүн амын 50 хувьд хүрэх юм бол хичээл, сургуулийн үйл ажиллагааг 100 хувь танхимаар нээх үүрэг өглөө. Мөн цэцэрлэгт 2-3 настнуудыг хамруулах, улбар шараас шар түвшинд шилжих чиглэл өглөө” гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Баруун болон Зүүн Европ, манай хөрш болох ОХУ-д халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тусламж үйлчилгээнд бэрхшээл учирч эхэлсэн мэдээллийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Эдгээр улс орнуудад вакцины хамрагдалт муу байгаа. Орос, Герман, АНУ, Турк зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өдөрт 30-35 мянга бүртгэгдэж байна. БНХАУ-ын тухайд гуравдугаар тунг эрчимтэй хийж, дельта вирусын тархалтаас сэргийлэх ажил хийгдэж байна. БНХАУ бүрэн тунг “Синовак”, “Синофарм” үйлдвэрийн тунгаар хийж байсан бол гуравдугаар тунг сонголтоор хийж байна. Мөн өөрийнхөө үйлдвэрт гаргасан Файзер, Астразенека зэрэг вакцинтай адил үйлчилгээтэй вакциныг бүүстер тунд ашиглаж эхэллээ. Дэлхийн улс орнууд бүүстер тунг тарьж эхэлснээр халдварын тохиолдол буурлаа.

Тухайлбал, Израйль улс нийт хүн амынхаа 30 хувьд бүүстэр тунг хийснээр 60-аас дээш насны хүмүүсийн халдвар авах тоо буурсан, эмнэлгийн орны ачаалал буурсан үр дүн гарсан байна. Халдварын нийт тоо 80 хувь буурсан байна. Манай улсын Эрдэмтдийн зөвлөл энэ оны ес, аравдугаар сард халдварын томоохон давалгаа үүснэ гэдэг тооцоолол гаргасан учраас бид наймдугаар сараас бүүстэр тунг эхлүүлсэн. Мөн 60-аас дээш насны иргэдээ вакцинжуулалтад хамруулсан. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 589 мянган хүнийг хамруулсан, энэ бол зорилтод бүлгийн 28 хувь юм” гэлээ. Вакцинжуулалтад өдөрт 10-аас дээш мянган хүн хамрагдаж байгаа аж. Гэхдээ 18-40 насны бүлгийнхэн бүүстэр тундаа хамрагдахгүй байгаа учраас Их дээд сургууль, аж ахуйн нэгжүүдэд явуулын цэг ажиллан вакцинжуулж байна гэлээ. Дэлхий дахинд дөрөвдүгээр тунг хийж байгаа улс орон байхгүй бөгөөд АНУ-ын Өвчний хяналт зохицуулалтын албанаас аравдугаар сарын 27-нд дархлаа дарангуйлдаг эм хэрэглэдэг, дархлалын суурь өвчтэй, ДОХ-оор өвдсөн хүмүүст эмчийн хяналт дор дөрөвдүгээр тунг хийж болно гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна