Inder.mn сайтын сэтгүүлч Д.Нарантуяа
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоороо дэлхийд алдартай ХБНГУ-ын Франкфуртын олон улсын номын яармагт уригдан оролцож, Германы олон хотуудаар явж өөрийнхөө бичсэн ном болон Монголын түүх, соёл, зан заншлын талаар танилцуулж, сурталчилж яваа. Түүнтэй онлайнаар холбогдож 2021 оны 11-р сарын 16-ны өдөр ярилцснаа хүргэж байна.
-Та дэлхийд алдартай ХБНГУ-ын Франкфуртын номын яармагт уригдан номоо танилцууллаа. Цар тахлын улмаас хоёр жил завсарласны эцэст энэ жил олон улсын номын яармаг RE: CONNECT гэсэн уриатайгаар зохион байгуулагдлаа. Номын яармагийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?
-ХБНГУ-ын Франкфурт хотод олон улсын номын 73 дахь үзэсгэлэн яармаг 2021 оны 10-р сарын 20-24 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өнгөрсөн онд цар тахлын улмаас дижитал хэлбэрээр болсон бол энэ жил яармаг танхимаар дахин үзэх боломж бүрдсэн. 500 жилийн түүхтэй Франкфурт хотод зохион байгууллагддаг номын үзэсгэлэн яармаг нь номын салбарт дэлхийд тэргүүлэгч яармаг юм. Мөн олон орны шинэ номуудын танилцуулга, маркетинг, хэвлэлийн үйлдвэрүүд, зохиолчдын уулзалтын гол цэг болохоос гадна номыг дэлхийн өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлэх соёлын хамгийн том платформ юм билээ. Номын ертөнцийнхөн нэгэн дээвэр дор цугларч, оюун санааны бүтээлүүдээ танилцуулдаг учир зохиолч уран бүтээлчид, эрдэмтэд, судлаач шүүмжлэгчид, хэвлэл мэдээллийнхэн, хэвлэлийн үйлдвэрийнхэн ихэд сонирхдог нь ажиглагдсан. Эхний гурван өдөр зөвхөн номын салбарынхан л өөрсдөө оролцож номын шинэ зах зээлтэй танилцаж, гэрээ хэлцэл хийгддэг юм байна. Дараагийн хоёр өдөр нь номонд дуртай уншигчдад буюу олон нийтэд нээлттэй болж, улмаар номын шууд худалдаа хийгдэх боломжтой болдог юм байна. Хэдийгээр цар тахлын улмаас оролцогчдын тоо хязгаартай, хорио цээрийн дэглэмийн хяналт чанга байсан хэдий ч Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт энэ удаа 80 гаруй орны 2000 орчим албан ёсны төлөөлөгчид оролцсон. Монгол Улсаас миний бие “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN - Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, өөрийн боломжийн хэрээр эх орноо сурталчилсандаа баяртай байна.
Цар тахлын үед бүх үндэстэн, бүх насныхныг холбосон оюун санаа, соёлын гүүр бол ном юм гэдгийг энэ олон улсын номын яармаг харууллаа. 73 дахь удаагийн Франкфуртын номын үзэсгэлэн яармагийг ХБНГУ-н Соёлын сайд Моника Грюттерс нээж, дэлхий дахиныг бүтээлчээр "сэрэхийг" уриалсан.
Энэ жилийн үзэсгэлэн яармагийн албан ёсны зочин орноор Канад улс оролцсон бөгөөд албаны олон хүмүүс, зохиолчид, орчуулагчдынхаа хамт хүрэлцэн ирсэн байлаа. “Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн яармаг-2021” нь дэлхийн өнцөг булан бүрээс хэвлэн нийтлэх мэргэжлийн хүмүүсийг дахин цуглуулж, бүтээлийг нь олны сонор мэлмийд толилуулж, соёл, хэвлэлийн технологийн салбарын үйлчлүүлэгчид, түншүүдтэй уулзах боломжийг шууд олгож, номын бизнесийн шинэ загвар, шинэлэг бүтээлч хандлагыг бий болгож байна. Ном бүтээгчид бол хэл, орон зайд үл баригдан соёлыг түгээгчид шүү дээ.
-Та номоо хэзээ герман уншигчдад зориулан герман хэл дээр орчуулж хэвлэн хүргэсэн юм бэ. Одоо борлуулагдаж байгаа юу?
- Герман хэлээр дэлхийд 130 сая хүн ярьдаг. Германы “Eulenspigel” хэвлэлийн групптэй хамтран ажиллаж, 2020 оны 11-р сард герман хэлтэй уншигчдын хүртээл болгосон юм. Герман, Австри, Швейцарын номын дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа. Мөн Амазонд тавигдсан ба www.amazon.de линкээр ороод захиалж болно.
Германы номын дэлгүүрүүдийн захиалга хийгддэг, шинэ номууд танилцуулдаг сэтгүүлд миний ном нүүр хуудсан дээр хэвлэгдэн гарсан.
-Та Монголд номоо ЗААГ гэсэн нэртэй хэвлэн гаргасан, Германд яагаад нэрийг өөрчилж шинэчилж бичсэн юм бэ?
- “Би номондоо зөвхөн өөрийнхөө хувийн амьдралыг өгүүлэхээр хязгаарлахыг бодоогүй. Нэг хүний амьдралын түүх өгүүлэхийн зэрэгцээ ард түмнийхээ уламжлалт зан заншил, өв соёл, байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа монгол хүний сэтгэлгээний онцлог, Монголын эртний ба одоогийн түүхийн хэсгээс уран сайхны аргаар шигтгэж бичихийг зорьсон юм. Түүх, археологи, палеонтологи, соёлын талаар намайг бичвэл Тэрбишдагва их мэдэгч болчихож гэж гайхна шүү дээ. Тиймээс Монголын нэрт эрдэмтэд, судлаачидтай хамтран ажиллаж, ярилцлага хийсэн. Дэлхийд танигдсан, оюуны бядтай эдгээр хүмүүсийн хүүрнэсэн, дүгнэснээр номондоо шинэлэг зохиомж болгон оруулсан юм. Монголд палеонтологийн чиглэлээр хамгийн урт хугацаанд судалгаа хийж буй хүн бол билгүүн номч Б.Ринчений хүү академич, палеонтологич Р.Барсболд, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат ажилтан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодном, шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Болд, академич археологич Д.Цэвээндорж гээд бүх насаа, амьдралаа, цаг хугацаагаа, оюунаа судалгаа, шинжилгээнд чилээж яваа буурал эрдэмтэд мөн залуу судлаачид гээд оролцсон хүн бүрийн нэрийг дурдвал уртаас урт жагсаалт гаргана. Германд нэр хүндтэй Eulenspiegel Gruppe хэвлэлийн газрын эзэн ноён М.Ойме өөрийн биеэр энэхүү номын төслийг удирдан, дэлхийд улам бүр ховордож, хумигдаж буй нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагийн агуулгатай нийцүүлэн номын нэрийг өвөрмөцөөр өгч , ХБНГУ-н нэрт улстөрч Курт Бек гуай оршил үг бичсэн. Ном бол хэл, орон зай үл хамааран соёл, түүх, мэдлэгийг түгээж байдгаараа гайхамшигтай гэж түрүүн би хэлсэн. Монголчууд бид дэлхийд өөрсдийгөө эерэгээр харуулах, улсаа сурталчлах, аялал жуулчлал татах, гадаад ертөнцтэй олон салбарт холбоо тогтооход гарцаагүй түүх, өв соёлоо танилцуулах нь чухал ач холбогдолтой. Энэ бол дэлхийд өвөг дээдэс маань тамгалж үлдээсэн монголчуудын нэрийн хуудас юм шүү дээ. Олон залуус, уран бүтээлчид ном, хэвлэлийн салбарт хүч сорьж, далай мэт гүн, тал мэт өргөн номын зах зээлийг сайтар судлан дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг, түүнийг түүчээлдэг номын яармагууд гэх мэт төрөл бүрийн сувгуудыг ашиглаж, оюуны чадамжинд суурилсан бүтээлүүдийг олон олноор туурвин, Монголоо сурталчилаасай гэж хүсдэг.
Олон улсын номын яармаг болон ном танилцуулах уулзалтын үеэр үндэснийхээ хувцсаа иж бүрэн өмсөж, ном судраа дээдлэгч монголчуудын эртний заншлаар номоо торгонд баринтаглан гардуулж, эх орныхоо түүх, соёл, өв уламжлал, байгаль, зан заншил, ахуйгаа харуулсан богино хэмжээний танилцуулга кинонууд бүтээн ирж, ном болон Монголыг маань сонирхогчдод толилууллаа.
-Та олон улсын номын яармагт оролцохоос гадна Германы хотуудад зочилж ном болон Монголын түүх, зан заншил, өв соёлыг танилцуулж байгааг таны фэйсбүүкийн нүүр хуудаснаас аян замын тэмдэглэл хэлбэрээр бичсэнийг харж байлаа. Нэлээн удаан явж байгаа байх аа?
-Тиймээ. Ковидын хүнд нөхцөлд ер нь олон хүн цуглуулахгүй, том том хурлыг ихэвчлэн онлайнаар хийж байгаа нөхцөл байдал амаргүй байсан ч хамгийн гол нь Герман найз нөхөд, танилуудын хүч дэм голыг нь нугалж, манай хэвлэлийн газрын хүчин чармайлт, дээрээс нь ХБНГУ-д суугаа Монголын элчин сайдын яамныхан, өргөмжлөлт консулууд, Монголын соёлын төлөөлөгч, элэг нэгтнүүдийн дэмжлэгтэйгээр олон газар уулзалт зохион байгуулж чадлаа. Германаар хөндлөн гулд явж баруунаас зүүн, хойноос өмнө хүртэл гээд сар гаруйн хугацаанд Берлин, Франкфурт, Мюнстер, Бонн, Дюссельдорф, Люнеберг гээд 16 хотод, 30 орчим удаа номын уулзалт, танилцуулга, соёлын арга хэмжээ явууллаа. Берлин хотод гэхэд 4 өөр газарт зохион байгуулав.
-Энэ хооронд олон хүмүүс санал бодлоо хэлж, мөн 10 гаруй хэвлэлүүд ярилцлага авч, мэдээ, нийтлэл бичсэн байна лээ. Удахгүй “Дипломат магазин” ба “Бизнес ба Дипломат” гэсэн хоёр чухал сэтгүүлд номын талаар нийтлэх байх.
-Герман уншигчид хэрхэн хүлээж авч байна вэ?
-Герман хүмүүс миний номыг их сонирхож байгаад баяртай байгаа. Германы улстөрчид, утга зохиол, түүх судлалын эрдэмтэн мэргэд, Монгол орныг сонирхож миний номыг уншсан хүмүүс шүүмж, санал бодлоо илэрхийлж байсан.
Германы том зах зээлд төдийгүй дэлхийд танигдаагүй улстөрч эсвэл номын зохиогч номоо гаргаж олон мянган хүнийг уншуулна гэдэг бол үнэхээрийн амаргүй ажил гэдэг нь ойлгомжтой. Өөрөө явж, өөрөө номоо танилцуулах нь их чухал юм байна. Энэ үеэр Монголынхоо байгалийг, түүх соёлыг, зан заншлыг, өнөөгийн нөхцөл байдал, хүн төрөлхтөний түүхэнд Монголын, монголчуудын гүйцэтгэсэн үүргийн талаар ярихад хүрэлцэн ирсэн хүмүүс маш их сонирхож хүлээж авч байна. Би энэ талаар дахин хэлхэд Тэрбишдагвын бүтээл гэхээсээ илүүтэй Монголын олон эрдэмтэн судлаачид, оюуны манлай, охь нь болсон агуу эрдэмтэн, академч нартайгаа ярилцлага хийж, түүний үндсэн дээр Монголын түүх шастирийг аль болох сонирхол татах хэлбэрээр хүргэхийг зорьсон нь энэ номын үнэ цэнэ оршино. Герман хүний сэтгэхүйд тохируулж орчуулах чиглэлд гэр бүлийнхэн, олон хүн, олон эрдэмтэн, герман найз нөхөд тусалснаас гадна хэвлэлийн газрын туршлагатай редактор ажиллаж, олон ном хэвлүүлдэг хэвлэлийн газар сэтгэл гарган их сайн ажилласны үр дүнд ном маань Герман уншигчдад сайн хүрч байна.
-Ирэх оны 3-р сард болох Лайпцигийн номын яармаг таныг урьсан гэл үү?
-Ковидын шалтгаанаас болоод л зохион байгуулагдахгүй болчихгүй л бол бид өргөн бүрэлдэхүүнээр оролцоно. Миний номыг хэвлэсэн Eulenspiegel Gruppe хэвлэлийн газар Лайпцигийн номын яармагт албан ёсоор оролцож, 2020, 2021 онд хэвлэсэн номуудаа танилцуулна. Тийм учраас намайг биечлэн оролцохыг урьж байгаа. Эртнээс бэлтгэл ажлыг базааж олон хотод номоо сонирхолтой хэлбэрээр танилцуулах уулзалтыг зохион байгуулна. Аль болох олон хүнд хүргэх, олон хүн багтах хэмжээний заал зохион байгуулах талаар эртнээс тухайн хотуудын захиргаа, соёлын газруудтай ярилцаж эхэлсэн. Гуравдугаар сард болох номын яармагийн ажлыг хэвлэлийн газрынхантайгаа хамтран бэлтгэж эхлээд байна.
-Та бүтээлээ герман төдийгүй орос, солонгос хэл дээр орчуулан хэвлүүлсэн. Англи хэл дээр хэвлүүлж гаргах уу?
-Номоо Солонгосын 700 ном редакторлосон хүнтэй хамтран ажиллаж “Талд нуугдсан өлгий” нэрээр өнгөрсөн хавар хэвлүүлж амжсан. Ковидын байдлаас шалтгаалан номоо сурталчлах ажилд бас явна даа. Орос хэлээр манай олны танил Кручкин гуай орчуулж, ном маань “МЕЖА” нэрээр хэвлэгдсэн байгаа. Германы хэвлэлийн газраас ирэх гурван сар гэхэд англи хэл дээрх орчуулгыг бэлэн болгох тухай тохиролцсон. Тэгээд тэд өөрсдийн шугмаар Англи юмуу Америкт хэвлэлийн газруудтай холбоо тогтоож, хэвлүүлхээр илгээнэ. Хэвлэхийг зөвшөөрсөн хэвлэлийн байгууллага нь үзээд хэрхэн редакторлах, англи хэлтэй уншигчдад зориулсан нэмэлт, хачир, өөрчлөлт хийх үү, үгүй юу гэдгийг шийдэх байх.
-Таныг ном танилцуулах уулзалтаа хийгээд явж байхад Монгол орныг сонирхож хамтран ажиллах санал ирж байв уу?
- Тийм санал нэлээд ирж байна. Монгол Германы бизнесийн холбоо, Зүүн Азийн нийгэмлэг хамтраад томоохон видео хурал зохион байгуулах гэж байгаа юм билээ. Монгол-Германы жижиг дунд үйлдвэрүүдийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцоно. Энэ хурал дээр Монголын зан заншил, түүх соёл, Монголын өнөөгийн нөхцөл байдлын чиглэлээр болон номынхоо талаар танилцуулаач гэсэн урилга ирсэн. Зүүн Азийн нийгэмлэг нь Зүүн Өмнөд Азийн бүх улс орнуудын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулдаг. Энэ нийгэмлэгтэй ирэх гурван сард Ханбург хотод хамтран номын танилцуулга хийх тухай санал солилцлоо. Мөн 2022 онд Хонгконгд үлэг гүрвэлийн үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн байгууллагаас төлөөлөл нь зорьж ирж уулзсан. Монголын динозаврын олдвор бол дэлхийд алдартай. Таны номыг уншаад динозавртой холбоотой хэсэг нь маш их анхаарал татсан. Бид энэ үзэсгэлэнгийн үеэр зөвхөн динозавр танилцуулах төдий биш, үүнтэй холбоотой бүх талаар шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр хамтран ажиллах болно. Нөгөө талаасаа үзэсгэлэнд анимейшн хэлбэрээр динозаврыг харуулж, олон хүнд хүргэх нь чухал юм. Энэ талаар бид мэргэшсэн байгууллага бөгөөд динозаврыг 3D хэлбэрээр юмуу анимейшн хэлбэрээр үзүүлэх чиглэлээр асар их туршлагатай. Энэ үеэр BBC болон дэлхийн хэвлэл мэдээллийн салбарынхан хүрэлцэн ирж сурвалжлага хийдэг тул Монголын хувьд асар том сурталчилгаа болно. Монгол Улсыг судлаачид, эрдэмтэд л динозаврын өлгий гэдгийг мэддэг боловч жирийн хүмүүст ойлгуулах, тэрүүгээрээ дэлхийн том хэвлэл мэдээллийхний анхаарлыг татах, сурталчлах боломж бүрэн бий. Палеонтологийн хүрээлэнгийн хүмүүстэй холбож өгнө үү гэсэн санал тавьж байна лээ. Миний хувьд Монголыг сурталчлах ажилд хойш суухгүй ээ, мэргэжлийн хүмүүстэй холбож өгье гэсэн. Монгол бол хүн төрөлхтний түүх, археологи, палеонтологийн баян бүрд гэдгийг олны сонорт хүргэх сайхан боломж юм.
-Та “АЖИЛСАГ МОНГОЛ” хөтөлбөрөө бас хэрэгжүүлэхээр уулзалт хийгээд яваад байна гэж таны нүүр номын хуудаснаас харсан. Энэ ажил нь хэр ахицтай байна вэ?
- “АЖИЛСАГ МОНГОЛ” маань амжилттай л явна.
“АЖИЛСАГ МОНГОЛ” хөтөлбөрөө 2017 оноос хойш хэрэгжүүлэхээр Германы холбогдох албаны хүмүүс болон Монголын талын яам, газруудтай уулзаж нэлээд олон сувгаар хэрэгжүүлэх боломж хайн ажиллаж байгаа билээ. Германчууд үйлдвэр аж ахуйн газрууд болон хувийн хэвшлийхэнд хэрэгцээтэй нарийн мэргэжлийн ажилчдыг сургалт, дадлага хослуулан бэлтгэх талаараа дэлхийд хамгийн туршлагатай улс бөгөөд үүнийг япончууд, солонгосчууд шууд авч хэрэгжүүлэн, амжилтанд хүрч байсан юм.
Бүтээгдэхүүнийг чанартай, стандарттай үйлдвэрлэн зах зээлд тогтвортой нийлүүлэх, өөрийн брендийн бүтээгдэхүүнээ удам дамжуулан “нэрийн бүтээгдэхүүн” буюу брэнд болгон зах зээлд баттай байршуулахад сайн мэргэшсэн ажилтан чухал шаардлагатай юм. Номны ажлынхаа хажуугаар “АЖИЛСАГ МОНГОЛ” хөтөлбөрөө урагшлуулахаар хэд хэдэн уулзалтууд товлосны нэг бол ХБНГУ-ын Бундестагийн танхимд Герман-Монголын парламентын бүлгийн дарга Маньфред Грунд найзтайгаа хийсэн уулзалт байлаа. Өөрөөр хэлбэл „АЖИЛСАГ МОНГОЛ” хөтөлбөр маань Германы Бундестагийн гишүүн М.Грундэд шинэ засгийн газар байгуулагдахын өмнөхөн албан ёсоор танилцуулагдсанаараа нэн чухал алхам боллоо гэж үзэж байна.
Уулзалтанд Монгол улсаас Герман Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Бэхбат, “АЖИЛСАГ МОНГОЛ” хөтөлбөрийн хүрээнд Германаас байнга хамтран ажиллаж буй Люнебург хотын Мэргэжлийн боловсролын сургалтын төвийн тэргүүн, дотны анд М.Байер, Конрад -Аденауэр сангийн төлөөлөгчид хамт оролцлоо. Уулзалтаар ярьсан гол сэдэв бол “АЖИЛСАГ МОНГОЛ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж, гарцуудын тухай юм. Энэ хөтөлбөрийн өнөөгийн байдлын тухай Маньфред Грунд найзынхаа гэрт нь зочилж хоёр хонохдоо дэлгэрэнгүй тайлбарлаж, Монгол Улсад ямар чухал ач холбогдолтойг ойлгуулж чадсан явдал юм. Тиймээс парламентын гишүүнээр дахин 8 дах удаагаа сонгогдоод буй түүнтэй анхны албан уулзалтыг Бундесатгийн танхимд миний хүсэлтээр зохион байгуулж, Германд монгол залуусыг мэргэжлийн боловсон хүчнээр бэлтгэх ямар албан ёсны боломж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд дараах хоёр үндсэн шаардлагыг хангах ёстой. Үүнд нэгдүгээрт, герман хэлний зохих мэдлэгтэй байх, хоёрдугаарт, Германд суралцсан хүүхдүүд Монголдоо заавал буцаж очиж ажиллах ёстой юм байна. Бас хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт энэ асуудал тусгагдсан байвал илүү дөхөмтэй, эрчимтэй хэрэгжих боломжтойг дурдлаа.
Жилд 20-30 хүүхэд төдий биш Монгол Улс бодлогоор 2000-3000 залуусыг Германд манайд шаардлагатай мэргэжлээр сургаж, дэлхийн түвшинд тэнцэх мэргэжилтэй боловсон хүчинтэй болсон цагт чанартай монгол бүтээгдэхүүн дотоод хэрэгцээгээ хангаад зогсохгүй, олон улсад гарах гарц илүү нээгдэж, Монгол улс үсрэнгүй хөгжин, ядуурал, ажилгүйдлээс ангижрах боломж гарна. Ийм хүмүүсээс ирээдүйн жижиг, дунд үйлдвэрийн эзэд төрж, ажил олгогчид болно. Тийм учраас өндөр мэргэжилтэй ажилтнууд жинхэнэ баялаг бүтээнэ гэдэгт би итгэлтэй байна. Германы мэргэжлийн сургалтын төвүүд орчин үеийн тоног төхөөрөмжтэй, сургалтын чанар их сайн, онол, практик хослуулдагаараа алдартай.
Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог, ардчиллын баян бүрд байж хөгжицгөөе гэвэл хараат бус хүчирхэг эдийн засагтай байх хэрэгтэй. Үүнийг зөвхөн байгалийн баялгаар шийдчихгүй. Хөгжлийн гол түлхүүр нь ХҮН юм. Тиймээс хүнээ хөгжүүлж, мэргэжлийн боловсон хүчин бэлдэх асуудал үнэхээр чухал байна. Энэ талаар 4 жилийн өмнөөс намайг хөөцөлдөж байгааг зарим хүмүүс ч мэдэх байх. “АЖИЛСАГ МОНГОЛ” хөтөлбөр боловсруулж, Засгийн газарт танилцуулах, чуулга уулзалт зохион байгуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор бэлтгэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, Германы туршлагыг нэвтрүүлэх гээд чамгүй олон ажлыг шат дараатай хийж ирсэн. Парламентын гишүүн биш болсон гээд үүнийгээ орхихгүй юмсан, яавал тус нэмэр болчих бол гэж сэтгэлдээ тээсээр ирсэн. Нэг үеэ бодвол мэргэжилтэй боловсон хүчний талаар их ярьдаг болсонд талархалтай байгаа. Миний хувьд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэм болох зорилгоор цаашид бусад намын төлөөлөл, гишүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Саяхан Мюнхен хотын нэг тойргийн даргатай уулзаж энэ асуудлыг ярилцсан. Энэ чиглэлээр дахин уулзалтууд хийнэ ээ.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад “АЖИЛСАГ МОНГОЛ” хөтөлбөр дэм болно гэдэгт итгэлтэй байна.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярласнаа илэрхийлэн, амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна