Монгол Улс, Оросын холбооны Улс (ОХУ)-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилж байна.
Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтаж байгаа Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин өчигдөр (2021.12.17) ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовнатай уулзаж, хоёр улсын Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөр үзэглэлээ.
Уулзалтаар талууд хоёр орны соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгаа хэмээн дүгнээд, Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийг үзэглэсэн юм.
Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд хоёр талын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тусгаж хоёр талын хөгжим, театр, бүжиг, тэр дундаа балетын урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээр тохирлоо.
Мөн дүрслэх урлагийн, номын сангийн, музейн, соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, соёлын салбарын боловсон хүчин, мөн салбарт бэлтгэгдэж байгаа оюутан залуусыг дэмжих зэрэг асуудлыг хамтран ажиллах хөтөлбөрт тусгасан юм.
Ингэснээр хоёр улсын Соёлын яамны харьяа “Чингис хаан” музей, “Эрмитаж” музей, хоёр улсын номын сангууд зэрэг байгууллагууд хоорондоо хөндлөнгийн шат дамжлагагүйгээр шууд харилцах, яам хооронд хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг тухай бүрт шийдвэрлэх боломжтой болж байна.
Уулзалтад, ОХУ-ын талаас Соёлын орлогч сайд А.Ю.Манилова, Музей, гадаад харилцааны газрын Олон улсын соёлын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.А.Кузнецов, тус хэлтсийн зөвлөх И.В.Мулин нар оролцов.
Эх сурвалж: Соёлын яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна