Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.3-т тусгаснаар Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулан ажиллах тухай заасан байдаг. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 299 дүгээр тогтоолоор Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Бурхан Халдун Уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа тус тус байгуулагдаж, захиргааны бүтэц, орон тоог 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлан 2020 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг яамны стратеги бодлого үйл ажиллагааг танилцуулж, дэлхийн өвийн газар нутгийг хадгалж хамгаалахад олон улсын өмнө үүрэг хүлээж, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа хамгаалалтын захиргаадын нийт албан хаагчдад талархал илэрхийллээ.
Соёлын яамнаас хамгаалалтын захиргаадын хүний нөөц, техник тоног төхөөрөмж, санхүү хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг онцлон тэмдэглэж, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, дэлхийн өвийн талаарх мэдлэг ойлголт болон тухайн орон нутгийн оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хамгаалалтын захиргаадад үүрэг болгов гэж Соёлын яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна