2024/11/27

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолборыг 322 сая төгрөгөөр засварлана

info@inder.mn
2022/03/02


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 112,830 ам.доллар буюу 322 сая төгрөг бүхий “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Уг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг оролцлоо.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 574 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн засварын төсөл” нь Японы 2021 оны санхүүгийн жилд /2021.04.01-ээс 2022.03.31/ хэрэгжих гурав дахь төсөл юм.  

Уг төслийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн дээврийн болон спорт заалны засварын ажил хийгдэх юм. Тус сургуулийн дээвэр, болон спорт заал олон жилийн эдэлгээ зэргээс шалтгаалан муудаж, тус сургуулийн 1,531 сурагч, 109 багш, ажилчдын эрүүл аюулгүй сурч хөдөлмөрлөх нөхцөл шаардлага хангахгүй болсон бөгөөд энэ удаагийн “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжтой болно хэмээн найдаж байна. Мөн энэ удаагийн хэрэгжүүлэх төсөл өнгөрсөн оны гуравдугаар сард Дундговь аймгийг дайрсан хүчтэй салхины улмаас тус сургуульд учирсан хохирлыг арилгахад дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.   

Япон Улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд гадаад улсад суугаа Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг. 

 

Эх сурвалж: Монгол дахь Япон Улсын ЭСЯ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна