Шинэ хичээлийн жилийн нээлт болоод удаагүй байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ дэвтэр, үзэг, дүрэмт хувцас, оймс, гутал гээд хэрэгтэй бүхнийг авч өгөөд амсхийх завгүй сурах бичгийн эрэлд гарчээ. Ерөнхий боловсролын сургуулиудад тодорхой тооны номын нөөц байдаг ч түүнийгээ гачигдалтай айлын хүүхэд, багшийн хүүхэд, багшийн найзын хүүхэд зэрэгт голчлон олгодгийг нуух юун. Энэ жилийн хувьд сурах бичгийн дундаж үнэ 2720 төгрөг байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-наас мэдээлсэн билээ. Үүнээс 5200- 6200 төгрөгийн өртөгтэй казах хэлний ном хамгийн үнэтэй байгаа бол 1300-1500 төгрөгийн үнэтэй сурах бичиг ч бий. Уг сэдвийн хүрээнд сурвалжлага хийгээд явж байх зуур салбар яамнаас сурах бичгийн үнийн жагсаалтыг олон нийтэд зарласан бөгөөд номын дэлгүүр, худалдааны төвд үндсэн үнэ дээр 500-1000 төгрөг нэмэн худалдан борлуулж байгаа талаар Баянзүрх дүүргийн иргэн Х.Батсүх бидэнд ярилаа. Тэрбээр “Шинэ хичээлийн жил эхлээд хэдхэн хонож байна. Өнгөрсөн долоо хоногт гурван хүүхдийнхээ сургуулийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлтгэж өгөөд сургуульд нь орууллаа. Хүүхдэдээ хэрэгтэй зүйлийг нь эцэг эх бид авч өгөхгүй гээд яах вэ дээ. Ах нь ахлах, дунд, бага ангийн гурван сурагчтай. Өнгөрсөн жил гэхэд том хүүгийн маань сурах бичиг 50 гаруй мянган төгрөг болж байсан шүү. Өнөөдөр том хүү маань залгаж байна. “Аав аа, сургуулиас тараах сурах бичиг хүүхэд бүрт хүрэлцэхгүй тул боломжтой нь эртхэн шиг эцэг, эхээрээ сурах бичгээ авахуулаарай гэж байна” гэлээ. Ингээд л сургууль дээр нь очиж багштай нь уулзах гээд явж байна даа” гэв. Бид ч мөн сурах бичгийн талаах мэдээлэл бэлтгэхээр ерөнхий боловсролын сургуулиудад очлоо. Хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн Дөрөвдүгээр сургуулийг зорьж, сургалтын менежер Б.Долгорсүрэнтэй уулзав.
Б.ДОЛГОРСҮРЭН: VII, XII АНГИЙНХНЫ СУРАХ БИЧГИЙГ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРГҮЙ ТАРААДАГ
Тэрбээр “2016-2017 оны хичээлийн жилд манай сургууль 1100 гаруй суралцагчтай байна. 90 орчим хүүхэд төгсгөж, 150 гаруй зургаан настанг бүртгэж авлаа. Бага ангийнхны сурах бичгийг үнэ төлбөргүйгээр төрөөс бүрэн хангадаг. Энэ жил III ангийнхны сурах бичгийг нэмж захиалсан. Өөр өөрчлөлтгүй. Харин VII, XII ангийнхны сурах бичгийг түрээсийн төлбөргүй шууд тараадаг. Үлдсэн ангийнханд тодорхой хэмжээний түрээсийн төлбөр авч сурах бичгийг нь хуваарилдаг юм. Ерөнхийдөө ахлах, дунд ангийн сурах бичгийг бүрэн хангаж чадахгүй учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ зарим номыг нь худалдаж авч өгнө. Хангалтгүй сурах бичгийн судалгааг жил бүр салбар яаманд хүргүүлдэг. Гэсэн ч одоогоор сурах бичгийг хангалттай хувь хэвлэж өгсөн зүйл алга. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ боловсролд анхаарал тавих ёстой гэдэг үүднээс гомдоллох нь бага. Яваандаа сурах бичгийг нь худалдаж авч өгөөд жигдрүүлдэг. Номын санг цахимжуулсан учраас сурагчид даалгавраа тэндээс харж хийх боломжтой. Манай сургуулийн номын сан 20 компьютертэй. Хүүхдүүд хичээлээ тараад тэнд сууж ном уншиж, даалгавраа хийдэг” хэмээгээд тодорхой мэдээллийг сургуулийн номын санч О.Ганчимэгээс авахыг хүсэв.
О.ГАНЧИМЭГ: АХЛАХ, ДУНД АНГИЙНХНЫ НОМ ХҮРЭЛЦДЭГГҮЙ
-Ахлах болон дунд ангийнхан сурах бичгээ номын сангаас түрээсийн хэлбэрээр авдаг. Тухайлбал, өнгөрсөн жил VI ангийнхан 6510, VIII 5780, IX 5310, Х 15900, XI 14700 төгрөг төлөөд нэг жилийн турш сурах бичгээ ашигласан. Түрээсийн үнэ жил бүр багасдаг. Харин VII, XII ангийн ном цөөхөн ирдэг учраас түрээс авдаггүй. Шууд тараадаг. Ахлах, дунд ангийнхныг сурах бичгээр бүрэн хангаж чаддаггүй. Тиймээс эцэг, эхчүүд заавал ч үгүй зарим номыг худалдаж авдаг. Энэ жил VIII, IX ангийнхны сурах бичиг нэмэгдсэн. Тухайлбал, VIII ангийн биологи, математик, физик, хими, газарзүй, монгол хэл, монгол бичиг, нийгмийн ухаан, иргэний боловсрол, дизайн технологи зэрэг ном ирсэн. Эдгээр сурах бичиг нь дахин хэвлэлтийн болон өнгөрсөн жилийн цөм хөтөлбөрийн хүрээнд агуулгыг нь өөрчлөөд шинээр хэвлэсэн ном юм. Одоогоор энэ хичээлийн жилд ашиглах 2000 гаруй сурах бичгийг хүлээж аваад байна. Ахлах ангийнхан 12, дунд нь 12-16 ном үздэг. Ерөнхийдөө анги удирдсан багш нарт номыг өгч байна. Багш нар ангийнхандаа тараадаг. Ингээд номгүй үлдсэн хэсэг нь худалдаж авна.
Ийнхүү номын санчтай ярилцах зуур тус сургуулийн XI ангийнхан багштайгаа цуг сурах бичгээ хүлээж авав. Тэд “Өнгөрсөн жил сурах бичгийн түрээст 18 мянган төгрөг өгч байсан. Харин энэ жил 13 сурах бичгийг 12600 төгрөгөөр түрээсэлж байна. Манай ангийнхан хоёр хүүхдийн дунд нэг ном аваад зохицоод сурах бичгээ хэрэглэдэг. Гадуур ахлах ангийн ном ерөнхийдөө хүрэлцээ муу байгаа гэсэн. Сүүлийн жилүүдэд цөм хөтөлбөр гэж хэрэгжүүлээд ном ерөнхийдөө шинэчлэгдсэн. Одоохондоо дөнгөж сурах бичгээ л авч байна. Яваандаа дадлага ажлын номыг худалдаж авах байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Үүний дараа Тавдугаар сургуулийн номын санч Т.Нургултай уулзлаа.
Т.НУРГУЛ: АХЛАХ, ДУНД АНГИЙНХНЫ 40 ХУВИЙГ Л СУРАХ БИЧГЭЭР ХАНГАНА
Тэрбээр “I-V ангийнхны сурах бичгийг төрөөс 100 хувь дааж, хангадаг. Гэхдээ энэ жилийн III анги есөн бүлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, өмнөх жил III ангид суралцагчид бага байсан. Энэ жил шинээр ном ирүүлсэн ч хангалт 90 хувьтай байгаа. Ахлах, дунд ангийнханд сургуулийн номын санд байгаа номыг хувааж өгч байна. Ерөнхийдөө ахлах, дунд ангийнхны 40 хувийг л сурах бичгээр хангана. Долоодугаар ангийн нэг хүүхэд л гэхэд 16 сурах бичиг хэрэглэдэг. Мөнгөөр тооцож бодвол 100 орчим мянган төгрөгийн ном ашигладаг. Энэ жил VI-IX ангийн сурах бичиг тус бүр 25 ширхэг шинээр хэвлэгдэж ирсэн. Манай сургуулийнхан өнгөрсөн жил худалдаж авсан номоо хоорондоо солилцож, зарж ашигладаг гэсэн бол тус сургуулийн XI ангийн сурагч О.Халиун “Сургуулийн номын сангаас түрээсийн ном гэж өгдөг. Миний хувьд бүх хичээлийн сурах бичгийг номын сангаасаа авчихдаг. Харин нэмэлт даалгавар, дадлагын номыг өөрөө худалдаж авдаг. Бүх хүүхдэд сурах бичиг хүрэлцдэггүй. Нэг ном 2000-3000 төгрөгийн үнэтэй байдаг. Есөн сарын дундуур дээд ангийнхаа ах, эгч нарын хэрэглэж байсан номыг арай бага үнээр авах зэргээр хоорондоо зохицоод сурах бичгээ зардаг”. VIII ангийн сурагч Ө.Мөнхжин “Энэ жилийн хувьд яг ямар номоо гаднаас худалдаж авах талаар одоохондоо мэдээлэлгүй байна. Өнгөрсөн жил 20 орчим мянган төгрөгийн ном худалдаж авсан. Бусдыг нь сургуулийн номын сангаасаа авсан. Номын үнэ янз бүр байдаг. Өнгөрсөн жил математикийн ном маш цөөхөн байсан. Гадуур хайгаад бараг олдоогүй. Хайж явсаар 8000 төгрөгөөр авч байсан байх” гэлээ.
СУРАХ БИЧИГ ХУДАЛДААЛАХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Энэ хичээлийн жилд сурах бичгийн хүртээмж ямар байгаа талаар салбар яамны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа “Засгийн газрын тэмдэглэл ёсоор I-V ангид төрөөс зуун хувь сурах бичгээр үнэгүй хангана гэж заасан байдаг. Харин VI-XII ангид 40 хүртэлх хувийг төр хэвлэн түгээдэг. Ингэхдээ жил бүр нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэдэг. Энэ нь 10-15 хувь байдаг бөгөөд сургуулийн номын сангаар дамжуулан зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэдэг. Тодруулбал, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрх, хөгжлийн бэрхшээлтэй, нэг айлын гурав болон түүнээс дээш хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа, бүтэн болон хагас өнчин хүүхдийг хамруулдаг. Эдгээр хүүхэд номын сангаар дамжуулан авч хэрэглээд, хичээл дууссаны дараа эргүүлэн өгнө. Тэгэхээр VI-XII ангийн сурагчдын 50-60 орчим хувь нь сурах бичгээ худалдан авна гэсэн үг. Энэ хичээлийн жилд есөн компани сурах бичиг хэвлэх эрх авсан.
Энэ компаниудын худалдах дундаж үнэ 2720 төгрөг орчим байна. Компаниуд сурах бичгийг ихэвчлэн өөрийн нэрийн барааны дэлгүүрээр зарна. Мөн сурах бичиг худалдаалах нэг цэгийн үйлчилгээг ирэх сарын 1-нийг хүртэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн нэг давхарт ажиллуулна. Сурах бичгүүдийг нэг дороос, яамны тогтоосон үнээр худалдан авах боломжтой.
Ц.Заяа
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна