Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны тавдугаар сарын 2-ны 17:00 цаг хүртэл сунгажээ.
Тэтгэлэгт дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэд хамрагдах боломжтой юм.
Тавигдах шаардлага:
Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан:
- Сургалтын байгууллагын өдрийн ангид суралцдаг байх;
- Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.6 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
- Нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсан байх.
Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч:
- Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч сүүлийн 2 улиралд 3.4 голч дүнтэй гэж үнэлэгдсэн байх;
- Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч:
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сүүлийн 2 улиралд “чадамжтай” гэж үнэлэгдсэн байх;
- Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.
Олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн иргэн:
- Олон улсын болон үндэсний хэмжээнд зохиогддог соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд 1, 2, 3 дугаар байрт шалгарсан;
- Спортын төрлөөр суралцагч (тамирчин) нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медальт байрт шалгарсан;
- Шатар, даамын төрлөөр "Олон улсын холбооны мастер" цол хүртсэн.
Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэн:
- Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан;
- Олон улсын англи хэлний IELTS-ийн шалгалтын 7-аас доошгүй, IBT TOEFL-ийн шалгалтын 100-аас доошгүй онооны шаардлага хангасан.
Сургалтын тэтгэлгийн хэмжээ, хамрагдах иргэдийн тоо:
3,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт:
- Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 20 оюутан;
- Техникийн боловсролын сургалтын байгууллагын 10 суралцагч;
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 15 суралцагч;
- Соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн 5 оюутан.
Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлгийг 2022-2023 хичээлийн жилээс тооцож олгоно.
Тэтгэлэгт https://scholarship.esis.edu.mn/ цахим холбоосоор ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Эх сурвалж: ЗГХЭГ, БШУЯ
Сэтгэгдэл бичигдээгүй байна