2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, эрх зүйн шинэчлэл түүнийг хэрэгжүүлэх менежмент, анхаарах зарим асуудлын талаар нэгдсэн мэдээлэл хүргэж, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт уулзалт боллоо.
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг хамруулан зохион байгууллаа.
Сургалт, уулзалтад Нийслэлийн боловсролын сургуулийн 281 удирдах ажилтан, цэцэрлэгийн 671 эрхлэгч нар оролцов.
Энэ оны хичээлийн жилийн зорилго, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, гүйцэтгэл үр дүнгийн үнэлгээ, байгууллагын удирдлага менежмент ямар байх талаар заавар, чиглэл авсан юм.
Мөн “Багшийн тасралтгүй хөгжил, боловсролын үр дүн” сэдвээр Нийслэлийн Боловсролын газрын дарга Б. Амартүвшин, “Хувьсаж буй боловсролд багшийн үүрэг, оролцоо” сэдвээр БСҮХ- ийн захирал М. Итгэл, “Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн” БҮТ- ийн захирал Л. Ганбат нар илтгэл тавьсан билээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б. Амартүвшин: “Улсын хэмжээнд багш нарыг зургаан түвшинд индексжүүлж байгаа.
Нэг дүгээр түвшний багш нар- 25 хувийн урамшуулал
Хоёр дугаар түвшний багш нар- 20 хувийн урамшуулал
Гурав дугаар түвшний багш нар- 15 хувийн урамшуулал
Дөрөв дүгээр түвшний багш нар- 10 хувийн урамшууллыг тус тус есдүгээр сараас эхлэн сар бүр үндсэн цалин дээрээ нэмэлт урамшуулал болгон авна. Харин тав, зургаа дугаар түвшний багш нар урамшууллыг огт авахгүй.
Багш нарыг зургаан түвшинд индексжүүлж байгаа маань урамшууллын хувь хэмжээг тодорхойлж байна. Мөн энэ үзүүлэлт дээр тулгуурлаад “Боловсролын ерөнхий газар”, “Боловсролын хүрээлэн”,“Нийслэлийн боловсролын газрууд” хамтран түвшин бүрд тохирсон сургалтын модулийг боловсруулж энэ чиглэлийнхээ багш нарыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж ажиллана” гэв.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан: Х.Түмэнжаргал
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна