2024/05/03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай

info@inder.mn
2022/08/29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган Төрийн ордонд болов.

Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн  байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэнэ.

Нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох 800 гаруй хүн оролцох чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо, Азийн сан хамтран зохион байгуулсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх : Эмэгтэй бизнес эрхлэгчдийн үндэсний чуулган цар тахлын давлагаа үргэлжилж, олон улсын хурцадмал байдал, тээвэр ложистикийн саатал, үнийн өсөлт, ард иргэдийн худалдан авах чадвар буурах зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан хүндхэн цаг үед болж  байна.

Энэ онцгой хүндрэлтэй он жилүүдэд бизнесээ эрхэлж, ажлын байраа хадгалан, төр улсаа дэмжиж ирсэн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч эмэгтэйчүүд Та бүхэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ цар тахал, геополитикийн амаргүй цаг үеийг хамтдаа туулж байна.

Ялангуяа манай хойд хөрш дайны байдалтай, улс төр, эдийн засгийн хүчтэй хориг, хязгаарлалтад орсон, урд хөрш цар тахлын хязгаарлалттай, улс төр, геополитикийн нэн эгзэгтэй, хурцадмал нөхцөл байдалд байгааг Та бүхэн мэдэж байгаа.

Биднээс үл хамаарах гадаад нөхцөл байдал, түүний сөрөг үр дагавар, нөлөөлөл манай улсын эдийн засаг, ард түмний аж амьдрал, бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн, улс төр, эдийн засгийн хямралт байдал нь дэлхийн ихэнх улсад бараа, үйлчилгээний нийлүүлэлтийг доголдуулж, үнийн хөөрөгдөл бий болгож, инфляц сүүлийн 10 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч байгаа нь эдийн засаг, дотоод аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна.

Тухайлбал, цар тахал, бүс нутгийн геополитикийн хурцадмал орчин, хил боомтын нэвтрэн өнгөрүүлэх чадавхын сул байдал зэрэг нь 2020 оны эхнээс манай улсын эдийн засагт хүнд цохилт өгч, ажилгүйдлийн түвшин 7.5 хувь, ядуурлын түвшин 27.8 хувьтай болоод байна.

Бараа, үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляцын түвшин манай улсад сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ огцом буурснаас гадаад валютын орох урсгал багасаж, монгол төгрөг америк долларын эсрэг тодорхой хэмжээгээр сулрах суурь шалтгаан боллоо.

Мөн түүнчлэн олон улсын байгууллагуудын судалгаагаар цар тахлын эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө манай бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү мэдрэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Манай улс энэ амаргүй цаг үеийг хохирол багатай даван туулах, цаашлаад эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг ханган бэхжүүлэхийн төлөө зохих арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж ирлээ.

Тухайлбал, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, уур ус, хогны төлбөрийг төрөөс хариуцсан, татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, хүүхдийн мөнгө зэрэг зохих дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн, мөн “10 их наяд”-ын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжихэд зориулж 2 их наяд төгрөгийн зээл олгож, 100 мянга гаруй ажлын байрыг хадгалж чадсан зэрэг нь ард иргэд, бизнес эрхлэгчдэд чухал дэмжлэг болсон гэж үзжээ.

Үүний зэрэгцээ төр, засгийн зүгээс хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжин хамтран ажиллах чиглэлээр олон талт уулзалт, чуулган, зөвлөгөөн, сургалт, семинар зохион байгуулж, тэднийхээ санаа бодлыг сонсож, санал санаачилгыг нь ажил хэрэг болгохоор зорьж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд зохих үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өнгөрсөн оны 9 дүгээр сард “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”, энэ оны 05  дугаар сард “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөгөөн, Ерөнхий сайдын ивээл дор “Монголын эдийн засгийн форум” зэрэг томоохон арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар хэрэгжүүлж байгааг Та бүхэн мэдэж байгаа.

Үндэсний хөдөлгөөнүүд нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, аж үйлдвэржилтийг сэргээн хөгжүүлэх, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгох зэрэг улс орны тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн эерэг олон үр дүн авчирна гэж тооцож байна.

Мөн УИХ-аас Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийг батлан гаргаж, төрөөс олгодог зөвшөөрлийн тоог тав дахин цөөлсний зэрэгцээ Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 94 хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшил, баялаг бүтээгчидтэйгээ хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хэдийгээр тодорхой үр дүн, ахиц дэвшил гарч байгаа хэдий ч бүх зүйл сайн сайхан болчихсон гэсэн үг биш ээ. Бид амжилт бүтээлээ бататгаж, алдаа дутагдалаа засаж сайжруулах шаардлагатай байна.

Өнөөдрийн үндэсний чуулган ч гэсэн улс орны хөгжил дэвшилд баялаг бүтээгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, Та бүхний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэхэд зохих алхам болно гэж Төрийн тэргүүн үзэж байна.

Эх сурвалж: President.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна