Украины эзлэгдсэн дөрвөн нутаг дэвсгэрт ОХУ-д нэгдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт үргэлжилж байна.
Санал хураалтын үр дүнд үндэслэн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-д нэгтгэх шийдвэрийг Оросын парламент ойрын өдрүүдэд батлахаар бэлдэж байгаа гэсэн мэдээлэл бий.
Ингэсэн тохиолдолд Москвагийн эрх баригчид нэгтгэгдсэн бүс нутгийг бүрэн хамгаалалтдаа авах тухай анхааруулж байгаа.
Өөрөөр хэлбэл дээрх дөрвөн мужийг чөлөөлөх Украины армийн сөрөг довтолгоог ОХУ өөрийн газар нутагт халдсан хэрэг гэж үзээд цөмийн зэвсэг хэрэглэх хүртэл арга хэмжээ авах боломжтой болно.
Ням гарагт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жэйк Салливан NBC сувгийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцохдоо Москвагийн эрх баригчдад анхааруулга өгсөн байна.
“Хэрвээ энэ шугамыг давбал Орос улс сүйрлийн үр дагавар амсах болно. Үүний хариуд АНУ шийдвэртэй арга хэмжээ авахыг мэдэгдэж байна” гэж тэр хэлжээ.
Лхагва гарагт цэргийн дайчилгаа зарлахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин газар нутгаа хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх боломжтойг Өрнөдийнхөн болон Украинд анхааруулсан юм.
Бямба гарагт Нью-Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд үг хэлснийхээ дараа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ байр суурийг дахин илэрхийлсэн байна.
Оросын эх сурвалжуудын мэдээлснээр Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг ОХУ-д нэгтгэх шийдвэр энэ долоо хоногт багтаж гарах гэнэ. Ерөнхийлөгч Владимир Путин парламентынхаа хоёр танхимын ээлжит бус хамтарсан чуулганд Баасан гарагт оролцож үг хэлэх төлөвлөгөөтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Эзлэгдсэн дөрвөн муж нь Украины газар нутгийн 15 хувийг бүрдүүлдэг бөгөөд Португал улсын нутаг дэвсгэртэй хэмжээгээрээ тэнцэх юм.
2014 онд Бельги улсын газар нутагтай тэнцэх Крымийн хойгийг ОХУ ийм замаар өөртөө нэгтгэж байжээ.
Украины арми одоогоор дээрх дөрвөн мужийн газар нутгийн зарим хэсгийг хянаж байгаа. Яг одоо Донецк, Херсон мужуудыг чөлөөлөх байлдааны ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна.
Ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эзлэгдсэн газар нутгаа бүрэн чөлөөлөх төлөвлөгөөтэй байгаагаа дахин илэрхийлсэн юм.
“Бид улс орноо бүхэлд нь чөлөөлнө. Херсоноос Луганск хүртэл, Крымээс Донецк хүртэл” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Өчигдөр бас Зеленский тус улс АНУ-аас орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем хүлээж авснаа мэдээлсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Вашингтоны засаг захиргаа NASAMS (National Advanced Surface-to-Air Missile System) зэвсгийг Украинд илгээх шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна