2024/05/02

Эдвард Сноуденд ОХУ-ын иргэний харьяалал олголоо

info@inder.mn
2022/09/27

Есөн жилийн өмнө АНУ-аас дүрвэсэн Эдвард Сноуденд ОХУ-ын иргэний харьяалал олгох шийдвэр өчигдөр гарчээ.

Одоо 39 настай Сноуден 2013 онд АНУ-ын үндэсний аюулаас хамгаалах газарт гэрээгээр ажиллаж байхдаа тус байгууллагаас дотоод болон гадаадад явуулсан тагнах, чагнах ажиллагааны тухай нууц баримтуудыг нийтэд дэлгэж байв.

Тэрбээр дараа нь АНУ-аас дүрвэж, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн юм. Вашингтоны эрх баригчид Сноуденыг эх орныхоо эсрэг тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж, Оросоос шилжүүлж авахыг хүсдэг.

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын 72 иргэнд тус улсын иргэний харьяалал олгох зарлигт гарын үсэг зурсны дотор Сноудены нэр багтжээ.

Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч Маргарита Симоньян “Сноуден цэргийн дайчилгаанд хамрагдах уу?” гэж Телеграм хуудсандаа хошигнон бичсэн байна.

Харин Сноудены өмгөөлөгч Анатолий Кучерена үйлчлүүлэгч нь Оросын армид алба хааж байгаагүй тул дайчилгаанд хамрагдахгүйг хэвлэлд ярилцлага өгөхдөө тайлбарлажээ.

Сноудены гэргий Линдси Миллс бас ОХУ-ын иргэний харьяалал авах боломжтойг тэр нэмж хэлсэн байна.

АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Сноуден АНУ-ын иргэний харьяаллаасаа татгалзсан эсэх талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа хэлжээ.

 

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна