2024/03/28

Сургуулийн менежментийг сайжруулах дэмжлэгийн баг Баян-Өлгий аймагт ажиллана

info@inder.mn
2023/03/06

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээгээр доогуур байрт эрэмбэлэгдсэн 82 сургуулийг сонгож туршилтын хугацаанд менежментийн баг ажиллах юм.

Орон нутагт ажиллах эхний баг Баян-Өлгий аймгийг зорилоо. Тус дэмжлэгийн баг нь 59 хүний бүрэлдэхүүнтэй. Багийг Монгол Улсын гавьяат багш Ц.Цолмонбаатар ахалж байгаа бол бүрэлдэхүүнд нь Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын мэргэжилтнүүд, МУБИС-ийн багш, төгсөх ангийн оюутнууд багтаж байна. Мөн тухайн орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газар, аймаг сумын удирдлагууд, сургуулийн захирлууд оролцож байна.

2022 оны 5 дугаар сард хийсэн гүйцэтгэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг улсын дунджаас доогуур үзүүлэлттэй гарсан. Мөн чанарын үнэлгээний тайлангаас ч сайнгүй үр дүнг харж болохоор байгаа юм.

Дэмжлэгийн баг багш ажилтны ур чадварыг сайжруулах, монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн орчинд цахим хэрэглээг нэвтрүүлэх, хоё хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, 6 настай сурагчдыг сургуульд элсэхэд дэмжлэг үзүүлэх, багш болон багш бус ажилтны харьцааг тэцвэржүүлэх зэрэг өмнө нь сайдаас өгч байсан үүрэг даалгаврын биелэлтэд анхаарал хандуулахыг санууллаа.

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт бодит өөрчлөлт авчирах, менежментийг сайжруулах чиглэлээр 400 гаруй сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Аймгийн удирдлагууд ч санхүүгийн болон бусад дэмжлэгийг боловсролын салбарт үзүүлэх шаардлагатай байна. Дэмжлэгийн баг бол шалгалтын ажлын хэсэг биш гэдгийг Л.Энх-Амгалан сайд онцлоод ажиллах нөхцөлөөр хангаж, аюулгүй байдалд анхаарал тавихыг орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл болголоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна