2024/05/03

Д.Сумъяабазар: Монгол өв соёл бол бидний амин чанар, ондоошлыг бий болгох, өөрийн гэсэн түүх, бахархлыг бүтээх хэлбэр

info@inder.mn
2023/08/05

НЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт үргэлжилж буй. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар МҮОНТ болон хэвлэлд ярилцлага өгснийг хүргэж байна.

-Сайхан наадаж байна уу. Энэ жилийн наадмын өнгийг та хэрхэн харж байна вэ, юугаараа онцлог вэ?

-Монголчууд бид үүх түүх, өв соёл, үнэт зүйлүүдээ хадгалж, түгээж, өвлөж байх нь нэн чухал. Учир нь дэлхий даяаршиж байгаа орчин цагт монгол хүний онцлог юу вэ, бид юугаараа өөр, онцгой юм бэ гэдгийг үүгээр тодорхойлно. Тэр утгаараа монголчуудын эзэн Чингисийн үед ч, бага хаадын үед ч, хожмоо ч өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн Даншиг наадмыг шашин, соёлын том ёслол болох хүрээ цамтай хослуулан өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, уламжлал шинэчлэлийг хослуулдаг нь энэ наадмын онцлог юм. Энэ жилийн хувьд нэлээн өргөн цар хүрээтэй болж байна. Тодруулбал, “Нүүдэлчдийн нийслэл” уриан дор хилийн чанадаас эрдэмтэд, уран бүтээлч, бөхчүүд, харваачид ирж буй. Та бидний сайн мэдэх Халимагийн нэрт туульч, дуучин О. Цагаанзам тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирлээ. Тэгэхээр өв соёл, уламжлал, түүхийг сурталчлах, түгээх, таниулах чухал арга хэмжээ гэж харж байна.

-Жуулчид бас ирж үзэж байна. Монголыг сурталчлах тал дээр нэлээн ач холбогдолтой арга хэмжээ болох байх?

-Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” ч үүнтэй уялдаж байна. Ерөөс өөрийн гэсэн онцлогтой, үзэх харах зүйлтэй арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулна гэдэг жуулчдыг татах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Тэр ч утгаараа Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн. Бөхийн барилдаан л гэхэд гурван төрлөөр болно. Хөтөлбөрийн хувьд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ болж байна. Түүнчлэн морьт харваа зэрэг арга хэмжээ зөвхөн жуулчдад төдийгүй нийслэлчүүдэд сонирхолтой байх болов уу.

-“Нүүдэлчдийн нийслэл” гэдэг уриа их содон байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Улаанбаатар хот  өөрийнхөөрөө хөгжиж, өргөжин тэлж байна. Мэдээж, бидэнд тулгарч буй асуудлууд бий. Үүнийг шийдэх, цаашид хотоо дэлхийн хотуудын адил хөгжүүлэхийн тулд нийслэлчүүд цаг нартай уралдан ажилладаг. Үүний зэрэгцээ өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нэн чухал үүрэг бидэнд бий. Тэр утгаараа ч нүүдэлчдийн заншил, соёл, өвөө хадгалахын зэрэгцээ дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжих ёстой гэж хардаг. Тиймээс ч Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдыг татах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг зохион байгуулж байна. Энэ бол бидний амин чанар, ондоошлыг бий болгох,  өөрийн гэсэн түүх, бахархлыг бүтээх нэг арга хэлбэр юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна