2024/05/06

Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" компани зарим төслөө санхүүжүүлэх бядтай болсон

info@inder.mn
Өчигдөр 11 цаг 09 минут

"Эрдэнэс Тавантолгой" компани хэвлэлийн бага хурал хийлээ.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг компанийнхаа 2018 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

"Эрдэнэс Тавантолгой" компани байгуулагдаад найман жил өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засгийн хямрал, санхүүгийн хямралтай ч нүүр тулсан. Улс төрийн зарим шийдвэрийн үүднээс хүндрэлтэй байдалд ч орсон. Тэгвэл өнөөдөр энэ бүх хүндрэлийн ард гарч, бидний өмнө санхүүгийн маш том боломж, ирээдүй байгааг тэрбээр онцоллоо. 

Тус компани 2018 оны эхний зургаан сарын байлаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Төлөвлөгөө ёсоор энэ онд 1.26 их наяд төгрөгийн борлуулалт хийх эрхтэй байсан бол эхний хагас жилд ийнхүү 78 хувийг гүйцэтгээд байна. Ингэснээр улсын төсөвт 2018 онд 210.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 90 орчим хувийг эхний хагас жилд гүйцэтгэж чаджээ.

Улсын төсөвт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 216.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. 2017 онд улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлснээр ТОП 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт бичигдсэн бол энэ мөнгөний 90 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өнөөдрийн байдлаар улсын төсөвд төвлөрүүлээд байна. 

Бид төлөвлөгөөгөө 110 хувь биелүүлээд явж байна.

Хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа нь төлөвлөгөөгөө 110 хувь биелүүлээд явж байна. Жилийн гүйцэтгэлээр 337 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бол бид хагас жилд 373 тэрбут төгрөг бүрдүүлж, 110 хувийн гүйцэтгэлтэй байна. Ингэснээр бид өөрсдийн шууд хамаарал бүхий төслүүдийн зохих хэсгийг санхүүжүүлэх боломжтой болж буйгаас гадна 1072 хувьцааг амь оруулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. 

Ашиг орлого ийнхүү өсөхөд нөлөөлсөн зүйл нь зөвхөн нүүрсний үнэ юм байна. Тодруулбал,

"Чалкогийн гэрээний хүрээн дэх үнийн дөрвөн аргачлалыг 2018 он хүртэл хэрэглэсэн. Харин энэ жил тав дахь индексийг гэрээнд оруулсан. Энэ хүрээнд суурь үнийн бодлогын зохицуулалтыг бий болгож чадсан. Суурь үнийг 61 ам.доллараар тогтоосон. Ингэснээр түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд нүүрсний үнэ 61 ам.доллараас буухгүй.

Харин дэлхийн зах зээл дэх үнэ өсвөл тухайн өсөлтөд уялдуулж нэмнэ.

Баруун Цанхиас олборлож буй нүүрсний үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоодог. 2018 онд 70-аас дээш ам.доллар болгон тогтоосон. Ингэснээр 12 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөгийн зөрүү гарсан нь цэвэр ашигт нөлөөлсөн.

2018 онд 4.9 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бол одоогоор 5.1 сая тонн олборлоод байна. Экспортын хувьд 5.0 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байсан ч 6.9 сая тонн буюу 64 хувиар давуулан биелүүлсэн. 

2018 онд дэд бүтцийн хүрээнд хийсэн хамгийн том ажил нь нүүрс тээвэрлэдэг жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх байсан. Энэ хүрээнд Тээвэр ложистикийн төвийн ажлыг эхлүүлсэн. Үр дүн гарч байгаа. 6.8 сая тонн нүүрсгийн өнгөрсөн хагас жилийн хугацаанд 7800 орчим тээврийн хэрэгслээр 100,000 гаруй удаагийн ирээсээр 64 хувийг давуулсан гүйцэтгэлтэй ажилласан нь том үзүүлэлт боллоо. 

2014 оноос хойш тасалдаад байсан нөөцийн болон ашиглалтын хайгуулыг бид энэ жил эхлүүлж, нөөцийн хайгуулыг 50 мянган тууш метр, ашиглалтын хайгуулыг 13 тууш метрт гүйцэтгэн, 27,000 дээж авч, 12,555 дээжийн хариуг гаргасан. Үүний үр дүнд "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний нөөц өссөн байгаа. Энэ дүн баталгаажихаар компанийн үнэлгээнд эергээр нөлөөлнө. 

Компанийн ажилчдын цалинг 21 хувиар, шөнийн нэмэгдлийг 5 дахин өсгөсөн. Мөн хөдөлмөр, аюулгүй байдлын нэмэгдлийг 15 хувь болгосон бол Ажилчдын дэмжлэгийн санг 2 дахин нэмэгдүүлснээр ажилчдын нийгийн асуудлыг сайжруулсан.

Дэлхийн зах зээлд гарах бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байна. Дотоодын болон гадаадын банк санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. 

Өнөөдрөөс бид 1072 хувьцаа бүртгэлийн кампанит ажлыг хийх аяныг эхлүүлж байна.

1072 хувьцаа мэдээллийн төв нээгдсэнээс хойш 15 орчим мянган хүнд зөвлөгөө мэдээлэл өгсөн. Харамсалтай нь 393 хүнд л хувьцааавах, ногдол ашгаа авах эрхийг нээж өгсөн байна. Иргэдийн хариуцлагагүй асуудал юм. Нийт манай компанид 2,511,000 хувьцаа эзэмшигч байдаг. Түүнээс 623,000 нь л эрхээ нээлгэсэн байгаа нь хангалтгүй байна. Бусад 1.8 сая орчим иргэн эрхээ нээлгэж байж энэ хувьцаа амь орох үндэс болно. Тийм учраас өнөөдрөөс бид 1072 хувьцаа бүртгэлийн кампанит ажлыг хийх аяныг эхлүүлж байна.

Өмнөговь аймагтай байгуулсан гэрээний хүрээнд 1500 хүүхдийн сургууль, цэцэрлэг байгуулна. Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлнэ. Энэ хүрээнд 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн.  

Энэ жилийн тавдугаар сард "Эрдэнэс эко уурхай" төслийн хүрээнд 36,000 мод тарьж, 2.3 га газрыг зүлэгжүүлж, эко орчин бүрдүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. 

Олон улсын зах зээлээс хөрөнгө босгохын тулд бид төслүүдээ хөдөлгөнө. "Эрдэнэс Тавантолгой" компани зарим төслүүдээ зохих хэмжээгээр санхүүжүүлэх бядтай болсон. 

Компани нээлттэй байдлыг бий болгох хүрээнд Авлигын зөвлөлөө байгуулж байгаа, сэтгүүлчдийн болон олон нийтийн зөлөлийг байгуулж, бүх худалдан авалтыг нээлттэй болгож байгаа хэмээн мэдээлсэн юм. Мэдээлэл хийх үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Тухайлбал, орон нутгийн Тавантолгой нүүрс хулгайлсан гэх асуултад тэрбээр "Сүүлийн жил гаруйн хугацаанд "жижиг" Тавантолгой манайхтай гэрээний хүрээнд 268 мянган тонн нүүрсний асуудал яригдаад байгаа. Энэ бол 2014 оноос хойш болсон процесс. Энэ хугацаанд технологийн болон төрөл бүрийн хэлбэрээр манай лицензийн талбай бүхий хэсгийн нүүрс хана болон булан хэсгээс унасан, тааз хэсгээс унасан, технологийн зар гарах үед унасан зэрэг янз бүрийн хэлбэрээр энэ 268 мянган тонн нүүрсний асуудал бий болсон. 2016 онд бид маркшейдерүүдээ ажиллуулж, үүнийг баталгаажуулсан.Үүүний дүнд 268 мянган тонн гэдгийг баталгаажуулаад, нөгөө талаар хүлээн зөвшөөрүүлж, акт үйлдсэнийг хулгай гэж яриад байгаа. Энэ бол манай компанийн авлага. 

Сүүлд Ашигт малтмалын газар, Сангийн яам хэд хэдэн газраас ажлын хэсэг байгуулагдаад шалгалт хийсэн. Дүгнэлт нь гарах дөхөж байна. Энэ дээр 268 нь 340 орчим мянган тонн болж нэмэгдсэн гэж ойлгосон. Энэ дээр жижиг Тавантолгой маркшейдерээ ажиллуулж, 24 цаг манайхыг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй" хэмээн хариулаад цаашид зөрчилгүй болох тал дээр хамтран ажиллана хэмээн мэдээллээ. 

Мөн төслийн хувьд хамгийн эхэнд төмөр замын төслийг хэрэгжүүлэх бодлого барьж буйгаа хэлсэн юм. Харин дараагийн ээлжинд нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хөдөлгөх юм байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна