2025/01/24

Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл УАШТ-д зургаан жил дараалан түрүүллээ

info@inder.mn
6 цаг 55 минутын өмнө

“Москва-1980” олимпын наадмын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдын нэрэмжит Монголын чөлөөт бөхийн холбооны 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, жин жингийн медальтнууд тодорсон юм. 

Тус тэмцээнд 37 бөх зодоглосон эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Тэрээр Насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж байна.

УАШТ-ий 97 кг-ын жинд 22 настайдаа түрүүлсэн, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хоёр удаагийн V байрын шагналт, Роман Дмитриевийн ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе болон залуучуудын, оюутны, насанд хүрэгчдийн ангиллаарх Улсын аварга Ч.Алтангэрэл өнөө жил хүнд жинд үзүүрлэлээ.

“Хүч” спорт хорооны тамирчин, Азийн Аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дөрвөн хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт ОУХМ Н.Золбоо Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 11 дэх медалиа авсан юм. Тэрбээр Улсын гурван удаагийн аварга төдийгүй уг тэмцээний дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо. Харин “Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Батмагнай Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа гардав. Түүний хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэг түрүүтэй бөх юм.

125 кг-ын дүн

  •  М.Лхагвагэрэл (Хилчин)
  • Ч.Алтангэрэл (Хилчин)
  •  Н.Золбоо (Хүч)
  • Э.Батмагнай (Алдар)

 

Г.Ганхуяг улсын аварга цолыг тав дахь удаагаа хүртлээ

 

Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг итгэл төгс түрүүллээ. Тэрбээр хоёрын даваанд Н.Шинэтөртэй хүндхэн барилдаан хийж, 5:4-өөр ялсан. Харин бусад бүх барилдаандаа оноо алдалгүй цэвэр ялалт байгуулсан юм.

Түүний хувьд насанд хүрэгчдийн улсын аваргын тав дахь алтан медалиа өөрийн болгож байна. Мөнгөн медалийг “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 342-р ангийн тамирчин Ө.Шийрэв гардлаа. Залуучуудын УАШТ-ий 1 алт, 2 хүрэл медальт тэрбээр насанд хүрэгчдээс анхны медалиа авсан. Зэвсэгт хүчний 341-р ангийн тамирчин Н.Шинэтөр улсын аваргын гурав дахь хүрэл медалиа өөрийн болгосон. 

Харин хүрэл медалийг “Аврагч” спорт хорооны тамирчин Д.Оргилох хүртэж, улсын аваргын 4 дэх хүрэл медалиа авлаа. Тэрбээр үүнээс гадна нэг мөнгөн медалийг улсын аваргын дэвжээнээс авч байсан билээ.

Эрэгтэй 97 кг-ын дүн

  • Г.Ганхуяг (Алдар)
  • Ө.Шийрэв (Алдар)
  • Н.Шинэтөр (МЧБХ)
  • Д.Оргилох (Аврагч)

 Б.Бат-эрдэнэ насанд хүрэгчдийн УАШТ-д тав дахиа түрүүллээ

 

92 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, Яшар Догу, Вехби Эмре, Хамит Бар нарын нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, ДАШТ-ий VII байрын шагналт ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүллээ. Түүний хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс тав дахь алтан медалиа авсан.

Эл жинд “Алдар” спорт хорооны бөх, U23 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Т.Дэмчигдорж үзүүрлэв. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа зүүж байна. Хүрэл медалийг New Gen Team Спортын Төв сургуулийн тамирчин Д.Дэлгэрдалай, М.Баяржавхлан нар гардлаа. Тэд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртсэн юм.

92 кг-ын дүн

  •  Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  •  Т.Дэмчигдорж (Алдар)
  •  Д.Дэлгэрдалай (New Gen Team Спортын Төв сургууль)
  •  М.Баяржавхлан (New Gen Team Спортын Төв сургууль)


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна