“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам ид дундаа орлоо. Тус наадмын шорт трейкийн төрлөөр Монголын баг тамирчид медаль хүртээгүй хэдий ч хувийн амжилтаа ахиулж, мөн анхдагч амжилтаар энэ наадмыг үдэж буй билээ. Харбин хотод Азийн өвлийн спортын наадам хоёронтоо болж байгаа ба Монголын тэшүүрчдийг энэ удаад дасгалжуулсан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргил нь “Харбин-1996”-д тамирчинаар оролцсон бол “Харбин-2025” Азийн наадамд дасгалжуулагчаар оролцсон нь содон болов уу.
1980 онд тэшүүрийн спортод анх хөл тавихдаа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч агсан, гавьяат тамирчин Л.Дашнямын ууган нарын нэг болж, улсын хошой аварга хэмээх алдарт хүрсэн эрхэм тамирчин. ДАШТ-д гурвантаа өрсөлдөж, 1994 оны өвлийн олимпын наадамд Монголоо төлөөлөн цор ганцаараа оролцохдоо 500 метрт 24, 1000 метрийн зайд 29 дүгээр байрт хурдалсан түүхийн эзэн. Тухайн олимпын наадамд дасгалжуулагчгүй оролцсон түүнтэй олимпын нээлтийн ёслолд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан нар алхан орсон гэдэг.
Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна