2025/04/13

Пара бочигийн УАШТ-д 14 багийн 78 тамирчин өрсөлдөж байна

info@inder.mn
2025/04/10

Монголын пара бочигийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд болж байна.

Найм дахь удаагийн тэмцээнд 14 багийн нийт 78 тамирчин дөрвөн ангилал (BC1, ВС2, ВС3, ВС4)-д өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн залуу нь 10 настай Б.Азжаргал бол хамгийн ахмад нь 57 настай Б.Болдмаа юм.

Тус тэмцээний нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Э.Билэгт оролцож, хэлсэн үгэндээ “Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд пара бочигийн дасгалжуулагч, тамирчид маань багтаж, зуны паралимпын наадамд оролцох эрх авахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсанаар хүүхэд, залууст спортоор хичээллэх эрмэлзлийг төрүүлж, тамирчдын өрсөлдөх чадвар ахина” хэмээн онцлов.

Пара бочигийн спорт нь манай улсад 2017 оноос хөгжсөн ба Монголын баг тамирчид зуны паралимпын наадмаас бусад тэмцээн уралдаанд оролцжээ. Монголын пара бочигийн тамирчид олон улсын тэмцээнээс гурван медальтай бөгөөд Дэлхийн цомоос Т.Мөнхдэмбэрэл мөнгө, Х.Ирмүүн хүрэл, “Парис-2024” зуны паралимпын эрх олгох олон улсын тэмцээнээс Х.Ирмүүн хүрэл медаль хүртэж байв. Пара бочигийн УАШТ найман удаа болоход хамгийн өндөр амжилтыг Х.Ирмүүн үзүүлсэн ба тэрбээр зургаан удаа түрүүлжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна