АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу 5-р сарын 13-нд Саудын Арабт айлчилж, үргэлжлүүлэн Булангийн орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлнэ. Булангийн орнууд нь АНУ-ын эдийн засагт чухал ач холбогдолтой бүс нутаг гэдэг утгаараа энэ удаагийн айлчлалаас нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээр байгуулах хүлээлт үүссэн байна. Трампын зүгээс ирэх нэг жилийн хугацаанд Саудын арабаас 1 их наяд долларын хөрөнгө оруулалт татах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Трамп 5-р сарын 13-ны Мягмар гарагт Саудын Арабын нийслэл Риад хотод айлчилж, хунтайж Мухаммед бин Салмантай уулзах аж. Харин маргааш Катар улсад Булангийн орнуудын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байна. Айлчлалынхаа сүүлийн өдөр буюу 5-р сарын 15-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират улсад очиж, мөн л хөрөнгө оруулалтын асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Булангийн орнуудыг, тэр дундаа Саудын Арабыг эдийн засгийн салбар дахь маш чухал түнш орон гэж үзсээр ирсэн. Тэрбээр энэ оны 1-р сард тангараг өргөснөөс хойш хамгийн анхны гадаад айлчлалаа Саудын Арабаас эхлүүлэх гэж байсан ч Пап Францис таалал төгссөн гэнэтийн үйл явдлын улмаас Ватиканд түрүүлж очсон. Трамп 2017 онд анх удаа ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ч хамгийн анхны гадаад айлчлалаараа Саудын Арабыг сонгож, Канад, Мексик, Их Британийг түрүүлж зорьдог АНУ-ын Ерөнхийлөгч нарын уламжлалыг эвдсэн байдаг. АНУ-ын хувьд тарифын бодлого тэргүүтэй хэд хэдэн хүчин зүйлийн улмаас эдийн засаг нь оны эхний улиралд 0,3 хувь агшсан үзүүлэлттэй гарсан. Тиймээс АНУ Булангийн орнуудын үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт татаж чадвал “Америк нэгдүгээрт” гэсэн бодлогоо бүрэн хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болно гэж ажиглагчид үзэж байна. Энэ оны 1-р сард Саудын Арабын хунтайж Мухаммед Бин Салман АНУ-д ирэх нэг жилийн хугацаанд 600 тэрбум долларын хөрөнгө оруулж болно гэж мэдэгдсэн. Харин Трампын зүгээс Саудын Арабт АНУ-д үйлдвэрлэсэн зэвсэг технологи нийлүүлэх замаар Саудын арабаас татах хөрөнгө оруулалтыг 1 их наяд долларт хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ долоо хоногийн айлчлалын хүрээнд АНУ Саудын Арабт 100 гаруй тэрбум долларын үнэ бүхий зэвсэг технологи нийлүүлэх гэрээ байгуулж магадгүй байна. АНУ Саудын Арабт удаан хугацааны турш зэвсэг нийлүүлж ирсэн ч ерөнхийлөгч асан Жо Байдены үед зэвсгийн нийлүүлэлт түр зогсож, өмнө жилээс эргэж сэргэсэн. Саудын Арабын хувьд Трампын энэ удаагийн айлчлал Байдены үед зогсоод байсан хоёр улсын эдийн засгийн ойр харилцааг эргэн сэргээх ач холбогдол бүхий айлчлал болно гэж хэвлэлүүд бичжээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна