2025/05/23

“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй эмэгтэй оролцож, хоёр өдөр Төрийн ордонд үргэлжиллээ

info@inder.mn
5 цаг 48 минутын өмнө

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт өнөөдөр  хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ.

Анх удаа болж байгаа Бид эмэгтэйчүүд чуулган Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.Бид эмэгтэйчүүд чуулганаар 4 салбар хуралдаан болж, Гэр бүлийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Боловсролыг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлтийн салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Жаргалан удирдан явуулж иргэдийн төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Энэ удаагийн чуулганд оролцсон хүндэт зочдын нэг нь Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, хатагтай Абэ Акиэ байлаа.

Тэрээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн урилгаар орон нутаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих анхдугаар чуулганд уригдан оролцох боломж олдсонд баяртай байгаагаа  илэрхийллээ.

Түүнчлэн 800 гаруй эмэгтэйчүүд оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулдаг “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд ололцож, “Миний мөрөөдлийн сургууль” эсээг танилцуулсан юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна