Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.17) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 10 цаг 22 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа даргалсан бөгөөд эхлээд “Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төслийн талаар А.Ундраа гишүүн танилцуулахад хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Ингээд дээрх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахлахаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, О.Батнайрамдал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, А.Ундраа нар ажиллахаар болов. “Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 9 нь дэмжсэн.
Дараа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд Шадар сайд С.Амарсайхан хууль санаачлагчийн танилцуулж, гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхэд гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасны дагуу санал хураалт явууллаа. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 69.2 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байв. Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Байнгын хорооны өмнөх (2025.06.10) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц санал, дүгнэлтээ танилцуулсан бөгөөд ногоон санхүүжилтийг үр дүнтэй зохион байгуулах санал бүхий “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг боловсруулснаа танилцуулсан юм.
Энэхүү Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Г.Лувсанжамц гишүүн төсөлд гурван багц саналыг 17 заалт болгон тусгасан хэмээн танилцууллаа. Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн тайланг 2026 оны I улиралд багтаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг Засгийн газар болон Монголбанканд тус тус даалгахаар төсөлд тусгасан гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асуулаа. Улсын Их Хурал ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан гэдгийг сануулаад төслийн ач холбогдлыг ойлгож байгаа хэдий ч зохицуулалт Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаж буй эсэх, төслийн үр нөлөө, зардлын тооцооны талаар тодруулсан юм. Ирэх жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөнд ногоон санхүүжилтийн хүрээнд утааг бууруулах, гэр байшинг дулаалах, угсармал орон сууцны дулаалгын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсвийг тусгасан гэдгийг Г.Лувсанжамц гишүүн хариулав. Хөрөнгө оруулалтыг шинээр тусгаагүй, харин сайжруулсан түлшний татаасын зардлыг хөрвүүлж, ногоон барилга буюу дулаалгад чиглүүлснээр агаарын бохирдол, утааг бодитоор бууруулахаар тооцож, тусган байна. 2028 онд Улаанбаатарын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулах, 2032 онд утаагүй болох боломжтой хэмээн тооцож, холбогдох саналыг төсөл тусгасан гэв.
Орон сууцаа дулаалах, агаарын бохирдлыг бууруулах асуудал нь иргэдийн орлого, ухамсар, хандлагаас ихээхэн хамааралтай гэдгийг П.Сайнзориг гишүүн тэмдэглээд зохион байгуулалттай холбоотой санал хэлэв. Дараа нь төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Батсүмбэрэл нар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн ногоон эдийн засгийг дэмжих, ногоон бодлогыг дэмжсэн суурь хуультай болох ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд, энэ тохиолдолд аж ахуйн нэгжүүд ногоон эдийн засгийн ач холбогдлыг ойлгож, хөрөнгө оруулалт хийх орчин тодорхой болно хэмээн тодотгов.
Түүнчлэн гишүүд энэхүү тогтоолын төсөл дэх зохицуулалт нь зөвхөн Улаанбаатар төдийгүй төвлөрсөн суурингуудад тулгараад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд үр нөлөө үзүүлэх боломжтойг тооцож, улсын хэмжээнд ногоон орон сууцны зээлийг олгох нөхцөлийг бүрдүүлэх санал хэлж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 хэсэгт заасныг үндэслэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 65.5 нь дэмжснээр санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.17) хуралдаан дөрөв дэх асуудал буюу Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна