Монголын төрд 160 гаруй мянган албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, тэдний цаана энэ хэмжээний айл өрх, ам бүлийн амьжиргааг залгуулж байгаа. Гэтэл шинэ он солигдохын өмнө төрийн албан хаагчид хуульд заасан бүх төрлийн урамшуулалт цалин нэмэгдлээ авч чадсангүй.
Төрийн албаны тухай болон Засгийн газрын бусад холбогдох тогтоолын дагуу төрийн албан хаагчдын Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж дүгнээд урамшуулал өгөх заалттай. Цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт, Засгийн газрын тогтоолууд байна.
Харин Сангийн яам үүнийг илтэд зөрчиж, тэр ч байтугай цалингийн системээс бүр хасчихаж. Тодруулбал, төрийн албан хаагчийн цалингийн мэдээллийн хүснэгтээс урамшуулал нэмэгдэл, илүү цагийн мөнгө гэсэн баганыг тэр чигт нь хасчихсан гэж байгаа.
Ийм байтал Сангийн сайд Б.Жавхлан өнөө хэр өмнөх хэлсэн ярьснаа үгүйсгэж зүтгэсээр байгаа нь төрийн албан хаагчдыг тэнэг гэж бодсоных уу, худлыг үнэн болтол тархи угаана гэж санасных уу.
Сайд эхлээд төсвийн орлого тасарсан тул төрийн албан хаагчдын үр дүнгийн урамшуулал нэмэгдлийг олгохгүй, төсвийн байгууллагууд шинэ жил тэмдэглэх, үргүй зардал гаргахыг хориглосон гэж мэдэгдсэн нь цахим хэвлэлийн хуудаснаа үлдсэн. Харин төрийн албан хаагчдын эсэргүүцэлтэй тулгармагцаа "Төрийн сан улайсан зүйл байхгүй. Нэг их наяд гаруй төгрөг бий. Төрийн албан хаагчдын нэмэгдэл цалинг хасна гэж хэн ч хэлээгүй” хэмээсэн. Ингэхдээ “урамшуулал олгохгүй харин нэмэгдэл цалинг өгнө” гэх хоёр үзүүртэй зүү шиг тайлбар өгсөн.
Төрийн албан хаагчид үр дүнгийн гүйцэтгэлийн улиралд авдаг урамшуулалт цалингаа ярихаар өөдөөс нь тэртэй тэргүй сар бүрийн цалинд ороод явдаг цолны, зэргийн гэх мэт нэмэгдлийг яриад байгаа нь үнэндээ доромжлол юм.
За цаашаагаа бүр инээх ч биш уурлах ч биш мэдээлэл хөвөрнө. Албан байгууллагуудын ажлын гүйцэтгэлээс хамааран 12 дугаар сарын 20-ноос урамшуулал нэмэгдэл цалинг олгоод эхэлнэ гэж Сангийн сайд мэдэгдсэн ч “муур, нохой болж тоглосоор” Төрийн сан хаагдав. Сайд төрийн албан хаагчдад шилний цаанаас чихэр долоолгочихлоо гэсэн үг. Урамшуулалт цалингаа авна гэж хүлээсэн төрийн албан хаагчдыг хуурсан энэ үйлдэл нь Засгийн газрын, Сангийн сайдын хувьд юу ч биш гэж үү?
Төрийн ажил гэж ийнхүү нэг сайд нь нөгөө сайдынхаа хэлснийг үгүйсгэдэг эсвэл эрх мэдэл бүхий албан тушаалтан өнөөдөр нэг өөр маргааш тэс өөр зүйл яриад явж байдаг боллоо. Мөнөөх “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчийн үлгэрийг сонгодог утгаар нь хүүрнэн өгүүлж байна.
"Муу нэртэй луу данстай" ч ачааны хүндийг үүрч буй төрийн албан хаагчид одоо ажил хаях тухай ярьж эхэллээ.
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах, түр буюу бүрмөсөн зогсоох үндэслэл болохгүй" гэж заасан байдаг. Тиймээс хуулиа мөрдөж, Төрийн алба хаагчдад урамшуулал нэмэгдлийг хугацаанд нь олгож албан хаагчдын эрх ашгийг зөрчихгүй, нийгмийн баталгааг алдагдуулахгүй байхыг шахаж шаардах нь зүй ёсных юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна