Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дүрвэгсдийн тоо 200 саяд хүрнэ гэж судлаачид таамаг дэвшүүлээд байна. Энэ хугацаа тийм ч хол биш, ердөө хэдхэн жилийн дараа буюу 2030 он гэхэд биелэх магадлалтай. Тэгвэл дэлхийн хэмжээнд ийм тооцоолол гараад байгаа бол Монголд байдал ямар байна вэ? Усны хомсдол, ган цөлжилтөөс дайжсан, хүнсний шинэ нөөц хайсан дүрвэгсэд хэдэн зуугаараа тоологдож эхлэх таагүй зураг хэдийнэ буучихлаа.
Бэлчээрийн доройтлоос үүдэлтэй отор нүүдэл, шилжилт хөдөлгөөний асуудал УБ хотын, аймаг, нийслэлийн иргэн Танд хэр хамаатай талаар бодож байсан уу. Малчид малаа барж, хотоо хоосолбол хаачих вэ? Төв суурин газар бараадахаас өөр сонголт тэдэнд байгаа гэж үү. Иймдээ тулбал, баг, сумд эзгүйрч, аймаг, нийслэлийн бүсэд ирэх дарамт, ачаалал үржих хүрдээр хэрхэн өсөхийг төсөөлөөд нэг үз дээ. Гэвч лав өнөөдрийн байдлаар хүрээлэн буй орчны доройтлоос үүдэлтэйгээр ЭКОЛОГИЙН ДҮРВЭГСЭД хэдэн зуугаар тоологдож байгааг баримтаалж багцаалсан нэг судалгаа манайд алга.
Улсын бүртгэлийн байгууллагын иргэний шилжилт хөдөплгөөний бүртгэлийн статистик мэдээнээс харая. 2020-2024 онд иргэдийн шилжилт хөдөлгөөн 2021 онд онд 50.0, 2023 онд 60.0, 2024 онд 70.0 болж өсчээ. Харин орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо жилд дунджаар 8.0-10.0 мянган хүнээр тоологдож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, цөлжилтөөс гадна уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүссэн хөрсний эвдрэл, усны хомсдол, уугуул иргэдийн амьдралын тогтсон хэв маягийг өөрчлөн, тэдний мэдэхгүй, дасаагүй шинэ ертөнцийг бий болгосоор байна.
Үнэндээ экологийн доройтлын үр нөлөө, хүнд хэцүүг эцэст нь нутгийн иргэд л шууд, бүр илүүтэй хүртдэг. Шинээр бий болж байгаа өөрчлөлтөд дасан зохицож, хүлцэн тэвчиж амьдрах, эсвэл дайжин нүүхээс өөр сонголтгүй хувилбар уугуул иргэдэд тулгарсаар байна. Чухам энэ мэт шалтгаан ЭКОЛОГИЙН ДҮРВЭГСЭД-ийн тоог автоматаар өсөх шалтаг болж байгаа юм.
Монголчууд жил тойрон байгалийн бэлчээрээ түшиглэсэн мал аж ахуй эрхэлсээр XXI зуунтай золгосон түмэн. Бэлчээрийг газрын хотгор гүдгэр, ус, ургамал, хөрс, цаг уур гэсэн байгалийн нэгдмэл цогц байдлаар ашиглах, хамгаалах, сэргээх үйл ажиллагааг хэдэн мянган жил хослуулж ирсэн ардууд. Үүний дүнд Монгол орны бэлчээр нутаг унаган төрхөө харьцангуй сайн хадгалж ирсэн гэж олон улсад үнэлдэг. Харин одоо жил ирэх тусам өнгө зүс, “ааш авир” нь улам бүр хувьсан өөрчлөгдсөөр байна. Чухам ийм үед нүүдлийн мал ахуйгаа хадгалж авч үлдэхийн тулд бэлчээрээ хамгаалах олон гарц шийдлийг бодитоор хэрэгжүүлэх, эсэх зөвхөн биднээс шалтгаалж байна.
#UNCCDCOP17 #COP17Mongolia #КОП17
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна