"ШИЛДЭГ СТАРТАП ЗАЛУУ, ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН"-ы ялагчид тодорлоо
Швейцарын хөгжлийн агентлагийн санаачилгаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-аас хэрэгжүүлж эхэлсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 16-34 насны шинэ санаатай залуучуудыг өөртөө болон бусдад ажлын байр бий болгож, амьдарч буй орчныхоо асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж гарааны бизнест нь 2017 оноос эхлэн 10 сая төгрөгийн санхүүжилт олгож эхэлсэн.
2021 онд тус хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Стартап улсын аварга шалгаруулах уралдаан”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 53 стартапууд оролцлоо. Тус уралдааны үндсэн зорилго нь шалгарсан багуудын бизнесийг илүү боловсронгуй болгох, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах юм.
Тэмцээн гурван үе шаттай бөгөөд эхний хоёр шат цахимаар зохион байгуулагдаж гуравдугаар шатны шалгаруулалт Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус тэмцээний сүүлийн шалгаруулалт буюу “Demo Day” арга хэмжээ болж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нээлтийн үг хэлэв. Энэ шатны шүүгчээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Хөдөлмөр, СЭЗИС-ийн доктор, профессор Г.Батхуяг, “Дриймерс нэгдэл-”ийн УЗ-ийн дарга Ж.Золзаяа нар оролцлоо.
Нэгдүгээр байранд Баянгол дүүргээс оролцсон ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх бизнес санаатай “ART rect” баг шалгарч 20.000.000₮, хоёрдугаар байранд Монгол сармис үр үржүүлгийн бизнес санаагаар “Хурын шим” баг 17.000.000₮, гуравдугаар байранд Дархан-Уул аймгаас оролцсон Хөрсгүй тариалалтын гурвалсан технологийг санал болгосон “Хөрсгүй тариалалт” баг шалгарч 13.000.000 төгрөгийн санхүүжилтийг авлаа.
Тус арга хэмжээний үеэр салбарын зочдын хэлэлцүүлэг хийгдэж, шилдэг 10 баг өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гаргаж хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж, шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санал, санаачилга гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулсан залуу болон залуучуудын багт эргэн төлөлтгүй санхүүгийн дэмжлэг олгох замаар гарааны компани эрхлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлнэ” гэлээ.
Шилдэг 10 багийн мэдээлэл
№ | Багийн нэр | Бизнес санаа | Аймаг, дүүрэг |
1 | ART rect | Ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх | Баянгол дүүрэг |
2 | Өсөх ирээдүй | Барилгын материал үйлдвэрлэл | Өвөрхангай аймаг |
3 | Upgrade | ЭЕШ сургалт | Баянгол дүүрэг |
4 | Wimelo | Хувцас үйлдвэрлэл | Дундговь аймаг |
5 | Биелдэг хүсэл | Мөрөөдлийн самбарын цогц бүтээгдэхүүн | Баянзүрх дүүрэг |
6 | Хөрсгүй тариалалт | Хөрсгүй тариалалтын гурвалсан технологи | Дархан-Уул аймаг |
7 | Хурган Шеф | Оройн хоолны бэлдэц хүргэлтийн үйлчилгээ | Баянзүрх дүүрэг |
8 | Хурын шим | Монгол сармис үр үржүүлэг | Баянгол дүүрэг |
9 | Эрмүүн Ланд | Дотоодын тээврийн нэгдсэн систем апп веб хөгжүүлэлт | Хан-Уул |
10 | Lovers entertainment travel club | Аялал жуулчлал, Дэлхийн стандартад нийцсэн гадаах кино театр | Баянгол дүүрэг |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна